О.Баасанхүү: Засгийн газар Стандарт банктай хэлэлцээр хийх субъектээ тодорхойлох хэрэгтэй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗШХЭГ)-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлэв.
Энэ талаар О.Баасанхүү гишүүн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалснаас үүдэн тус үйлдвэрийн 10-20 хувь Хятадын эзэмшил болох нөхцөл үүсээд байна. Олон улсын шүүхээс Монгол Улс Стандарт банкинаас авсан 59 сая ам.долларыг хүү, торгуультай нь нийлүүлээд 99 сая ам.доллар болгож төлөх шийдвэр гаргасан.
Үүнээс болоод БНХАУ-д зарагдсан Стандарт банкинд Монгол Улс өдөрт 100 сая төгрөгийн хүү төлөх шаардлага үүссэн. Хүүгийн төлбөрөө төлөхгүй явсаар энэ мөнгө 126 сая ам.доллар болоод байна. Хэрэв Хятадын талаас уг мөнгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа болгон шилжүүлэхээр шүүхэд хандвал бид 10-20 хувийг нь алдана гэсэн үг. Тиймээс Засгийн газар нэн яаралтай Стандарт банктай хэлэлцээр хийх субъектээ тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус банктай Засгийн газар хэлэлцээрт орох уу, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд орох уу гэдгийг шийдвэрлэх нь чухал юм” гэлээ.
Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхийг хувийн хэшилд шилжүүлэх тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэл ил болсон. Энэ бол нийт мэдээллийн 60 хувь гэж харж байгаа. Хэргийг шалгахдаа хувийн хэвшил өрийн бичиг гаргаж өгсөн Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд нэн тэргүүнд шалгах ёстой юм” хэмээв.