Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр боллоо.
“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.
Манай улсын хөрөнгө оруулалтын гэрээнүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй, “харьцангуй уламжлалт” гэж болохоор шинжтэй байна. Тухайлбал шударга, эрх тэгш хандах, нэн тааламжтай нөхцөл зэрэг зохицуулалт хэт ерөнхий. Үүнээс болж хөрөнгө оруулагчид манай улсын гуравдагч улстай байгуулсан хөрөнгө оруулалтын аль ч гэрээний дагуу ямар ч үндэслэлээр маргаан үүсгэх боломжтой байгаа юм.
Нэгдсэн загвартай болсноор энэ зөрчил арилж, тэнцвэртэй хөрөнгө оруулалт татах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр эрх зүйн зохицуулалт бий болно гэж үзлээ.
Манай улс 44 улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулснаас 36 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.