О.Баасанхүү: Эрдэнэтийн 51 хувийн асуудал "Стандарт" банктай хэлэлцээрт орж байж дуусна
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг талаар ярилцлаа.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг шалгах ажлын хэсэг Эрдэнэт хотод ажиллаад ирлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Шалгалтын явц ямар байна вэ?
-2013 онд анх Эрдэнэтийг хулгайлж хувь компаниуд авах гэж байна гэсэн яриа гарсан. Дараа нь Стандарт банк Арбитрын шүүхэд хандахад би Англи улсад очоод Элчин сайдтай нь уулзаж, мэдээлэл авсан. Тухайн үед би Монгол Улсыг өрөнд оруулчихсан байна гэж мэдээлж байсан. Нөхдүүд намайг Н.Энхбаярын өмгөөлөгч гэдэг өнцгөөс цааш харахгүй байсан болохоос биш Эрдэнэт үйлдвэрээ өмгөөлөөд явж байсан юм. Дараа нь хэдэн нөхөр гарч ирээд Эрдэнэтийн 49 хувийг авчихлаа гэхэд нь би тодорхой хэлсэн. 49 хувь Монголд ороод ирчихсэн юм бол хоёр зүйл байгааг хэлсэн удаатай. Нэгдүгээрт, хуулийн дагуу авсан бол мөнгийг нь өгөөд юм аа авъя. Хоёрдугаарт, хууль бусаар авсан бол буруутайг нь шоронд оруулаад хөрөнгөө хурааж ав гэсэн. Гэтэл үүнийг сонгуулийн үеэр улстөржүүлж МАН иргэдээс олон санал авч гарч ирсэн.
-Таныг энэ ажлын хэсэгт орох санал гаргахад татгалзсан гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Эрдэнэтийг шалгах ажлын хэсэгт нь оръё гэхэд оруулаагүй, санал өгсөн ч аваагүй. Дараа нь эрх баригчид Эрдэнэтийг ард түмний мэдэлд авлаа гэсэн. Дараа нь авч чадахгүй байна гэх болсон. Сүүлдээ Засгийн газраас тэнд байсан 49 хувийнхныг хөөгөөд явууллаа л гэнэ. Гэтэл нөгөө хэд нь шүүх дээр ялагдлаа гэсэн. Энэ хэрүүлийн цаана нэг асуудал бий.
-Ямар асуудал байгаа юм бэ?
-Бид Арбитрын шүүхэд ялагдчихсан. 50, 100, 150 сая доллар гээд хэдэн төгрөгийн өрөнд орсныг би мэдэхгүй. Үүнийг ил ярьж болохгүй. Учир нь шүүх дээр ялагдсан бол төлбөрөө төлөхөөр хэлэлцээрт орох ёстой. Нөгөө тал болох “Стандарт” банк Монголыг сар бүр 1.2 сая ам.долларын өрөнд оруулж байна. Тэгэхээр тэнд хэн нэгэн төлөөлөн очоод ярих ёстой биз дээ. “Уучлаарай, та нарын мөнгийг бид төлөхгүй. Буруутай этгээд, өөр хүн төлнө” гэх ч юм уу ярьж таарна. Гэтэл одоо хэн хэлэлцээрт орох вэ гэсэн асуудал гарч ирж байна.
Засгийн газар уу, хувьцаа эзэмшигчид үү, ТУЗ эсвэл Эрдэнэтийн захирал ярих юм уу. Эрдэнэтийн 49 хувийн маргаанаас болж ярих ёстой жинхэнэ субьектээ тодорхойлж чадахгүй яваад байна. Тиймээс ажлын хэсэгт ороод би хамгийн түрүүнд “Субьектийн асуудлаа цэгцэл” гэж хэлсэн. Учир нь сар бүр тоолуур яваад байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. 1.2 сая ам.доллар гэдэг чинь гурван тэрбум төгрөг.
-Буруутай этгээдээр нь төлүүлнэ гээд байгаа шүү дээ?
-Манайхан хулгайлсан буруу этгээдээр төлбөрийг нь төлүүлнэ гэж ярих боллоо. Төлүүлж болно. Гэхдээ шүүхээр гэм бууртайг нь тогтоогоогүй байна шүү дээ. Гэм буруутайг нь тогтоогоогүй үед яаж төлүүлэх юм. Төлүүллээ гэхэд хэдэн төгрөгийг төлүүлэх болж байна. Эхлээд шүүхээс төлүүлэх дүнг гаргах ёстой. Хэрэв шүүхээс дүнг гаргавал бид хэлэлцээрт ашиглана. Хууль, шүүхийнхэн үүнийг шийдэх ёстой. 2006 оноос хойш бараг 100 гаруй хавтас материал хуулийнхан цуглуулж хэрэг боосон байна лээ. Энэ асуудал мөрдөн байцаалт, шүүхийн шатанд явж байгаа болохоор үүнийг ил ярьж болохгүй. Одоо нэн яаралтай “Стандарт” банктай хэлэлцэлд орох хэрэгтэй болчихлоо. Ер нь явж явж хэлэлцээрээр дуусах учиртай. Ингээд яриад байх хойгуур чинь тоолуур нь гүйгээд байгааг мартаж болохгүй.
-Хэлэлцэлд орох субьект хэн байвал манайд ашигтай вэ?
-Бид үүнийг дахиад ярих ёстой юм. Бид хэлэлцээрт орох гэж буй субьектээ ямар эрх өгч дархлаажуулах вэ гэдгээ ярих ёстой. Гэхдээ үүнийг ил ярьж болохгүй. Хэдэн сая доллар, хэдэн зуун тэрбум төгрөгийн асуудлыг Монголд ашигтайгаар ярих ёстой учраас субьектийн эрхийг баталгаажуулж өгөх ёстой юм. Үүгээр улс төр хийх нь утгагүй. Эрдэнэт үйлдвэр 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн. Үүнийг өрөнд өгөх нь утгагүй. Ний нуугүй хэлэхэд үүнд миний уур хүрч байна. Тэр мөнгөөр “Москва” хороолол бариулъя гээд хөөцөлдсөн. Эрдэнэтийн ажилчид, иргэд маань анх удаа 1990 оноос хойш орон сууцны бүтээн байгуулалттай болох гэж байлаа. Гэвч тэр мөнгөөр шуналтай нөхдүүдийн зүйлийг хийж байгаа юм. 2006 оноос хойш ийм юмнууд явсан байна лээ. Тухайн үед буюу 2006 онд хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга байсан юм бэ. МАН-ын нөхдүүд энд бүгд холбогдоод байгаа юм.
-Нууцын зэрэглэлд байсан баримтыг ил болгож, АН-ын Д.Эрдэнэбат гишүүнийг Эрдэнэтийн асуудалтай холбоотой гэж мэдэгдсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Энэ чинь 49 хувийнх. Эд нарын дунд хэн нь их идсэн бэ гэдэг уралдаан явж байгаа юм. Би 60 тэрбумыг хэргийг шалгуулахаар санхүүгийн баримтыг нь гаргаад өгсөн таг болсон. АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийхэд нь “Та нар МАН-ын санхүүг яагаад шалгахгүй байгаа юм бэ” гээд асуух сэтгүүлч ганц ч алга. Үүнээс гадна ЖДҮ-ийг шалга гэхэд бас л алга. 23 ЖДҮ-чин илэрлээ. Энэ нь 23 кноп гэсэн үг. 23 ЖДҮ-чинг хоёроор үржүүлэхээр 46 болно. Нэг хүн амиа аврахын төлөө хоёр хүнийг лоббидож байгаа шүү дээ. АТГ-аас очоод шалгая гэхээр “Чамайг өнөөдрийн дотор ална” гэж сүрдүүлсэн УИХ-ын гишүүн хүртэл байна. Тэр хүн ажлаа хийж байхад нь сүрдүүлж яаж байгаа юм. Нийгмийг зориуд айдаст оруулах гэж байгаа юм шиг шүүгч байсан хүн шоронд нас барна гэдэг аймшигтай хэрэг. Хэнийг айдаст автуулах гээд байгаа юм, бүү мэд. Намайг ална гэх агуулгатай мессэж ч ирсэн. Би тэрийг нь тагнуулын газарт өгсөн. О.Баасанхүүг алж болно гэсэн юм байлгүй, одоо болтол ямар ч хариу ирээгүй байна. Над руу сүрдүүлсэн мессэж явуулсан хүний зураг хөрөг нь байхад хэн бэ гэдэг нь тодорхой болоогүй байна. Монгол Улс хуультай, төртэй орон юм уу.
-Эрдэнэтийн 51 хувийг “Жаст”-ын Ш.Батхүү “Стандарт” банкинд барьцаанд тавьсан гэдэг. Гэтэл хууль шүүхийнхэн өдийг хүртэл хэн буруутайг нь гаргаагүй байна?
-Шүүх хурлаа хурдан хий гэж хэлээд л байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж огт болохгүй. Бид энд нэг зүйлийг ойлгох ёстой. Шүүх бие даасан хараат бус шийдвэр гаргана. Гэм буруутай болго гэж хэлж болохгүй. Гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоох ёстой. Бидэнд гэм буруутай, буруугүй, хохироосон, хохироогоогүй, хохироосон бол хэдэн төгрөгөөр хохироосон бэ гэдэг зүйл хэрэгтэй. Энэ чинь цааш хэлэлцээрт ороход эхний шат болох юм. Хоёрдугаарт, хэлэлцээрт орох субьект нь хэн гэдгийг тогтоох хэрэгтэй. Нэг өглөө босоод харахаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь ард түмнийх, МАН ард түмэндээ аваад өгсөн юм шиг харагддаг. Орой нь болонгуут 49 нь юмаа зарах гэтэл МАН авч чадахгүй, айхавтар мафийн нөхдүүд нь суугаад байгаа юм шиг. Шөнө болонгуут О.Баасанхүү 49 хувийг чинь худалдаад авчихсан юм шиг болгоод байгаа шүү дээ (инээв). Уг нь ингэж маазрах цаг алга. Маазрахаа больж, жинхэнээсээ ажлаа хийцгээмээр байна. Зурагтаар гараад мундаг гэдгийг чинь бүгд ойлгосон. Өдөр болгон аймар мэдээ гаргаж хүн залхаахаа боль. 49 хувиа авах гэж байгаа бол хурдан ав. Чадахгүй бол үнэнээ хэл. Авч чадах МАХН гэж байна. Ерөнхийлөгч гэж Монгол ялуулаад байгаа хүн бас байна. Би нэг бодитой үнэнийг хэлье. З.Энхболд чуулган дээр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэлээ гэж хэлсэн билээ. Би тухайн үед “Өрийг тэглэх үү” гэж л асуусан. Тэгсэн намайг гүтгэсэн гэдэг юм. Уг нь би гүтгээгүй юм. Манай хүн өөрөө л өрийг тэглэнэ гэж хэлсэн. Би “Дарга аа, наадах чинь болохгүй” гэхэд “Болно оо, амархан” гэсэн юм. Гурван өрийн талаар ярьсан. Тухайлбал, тэтгэврийн, оюутны, цалингийн гэсэн зээлүүдийг нэг удаа тэглэнэ гэсэн. “Энэ нь нэг их наяд гаруй төгрөг болно. Төсвийн долооны нэг хувьтай тэнцэнэ. Үүнийг төлнө” гэж Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. Манай хүний жижиг юмыг том болгож боддог нь ядаргаатай байна.
-Засгийн газрын энэ долоо хоногийн хурлаар долоон санг татан буулгалаа. Энэ дунд Монгол Судлалыг дэмжих сан багтсан байна. МСДС-г татан буулгасан нь зөв үү. Та үүнийг хэрхэн дүгнэж байна?
-2012 оны наймдугаар сард тангараг өргөж УИХ-ын гишүүн болсныхоо дараа Монгол Судлалын академи байгуулъя гээд УИХ-ын тогтоолын төслөөр дамжуулан академи байгуулах ажлыг хийсэн юм. Тухайн үеийн академийн гишүүд “Одоогийн академийг нурааж шинэ академи байгуулах гэлээ” гэж хэлж байлаа. Нэрийг нь солиод Монгол судлалыг дэмжих сан гэж байгуулсан. Хэл соёл бол Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой зүйл. Монгол судлалыг дэмжих сан нь Монголын хэл соёлыг бусад улсад сурталчлах зорилгоор байгуулагдаж байсан юм. Гэтэл энэ санг татан буулгачихлаа. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. Сангийн яам сангуудыг шалгаж байгаа гээд байна. Уг нь байнга хяналт тавих үүрэгтэй юм шүү дээ.
ЖДҮ гараад ирэнгүүт бидэнд мэдэгддэггүй байсан гэх юм. Бид биш тэд уг нь түрүүлж мэдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Сангийн яамныхан гэсэн үг. Хэдэн сангуудаар дамжуулан улс төрчид мөнгө угааж, улсаа цөлмөж байгааг эрт зогсоох байсан юм. Цөлмөчихсөн бол тэр буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэх ёстой болохоос биш татан буулгаж болохгүй. Уг нь ЖДҮХС буруу биш. Тэндээс төрийн албан хаагч, төрийн түшээ хүн хулгай хийснээр татан буулгах ямар үндэслэл байгаа юм.
Э.ЯНЖМАА