“Эх оронч худалдан авалт инновацийн үйлдвэрлэл” хэлэлцүүлэгт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцлоо
2019.03.28

“Эх оронч худалдан авалт инновацийн үйлдвэрлэл” хэлэлцүүлэгт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцлоо

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд дотооддоо өндөр хүчин чадлаар үйлдвэрлэх боломжтой, импортийг бүрэн орлох инновацийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Эх оронч худалдан авалт инновацийн үйлдвэрлэл” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат,  ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар зэрэг зочид уригдаж, эрдэмтдийн бүтээлтэй танилцаж, санал бодлыг нь сонсов.

Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангаас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт 18 эрдэм шинжилгээний байгууллага болон их, дээд сургуулийн компаниас таван салбарын 77 нэр, төрлийн инновацийн бүтээгдэхүүний саналаа танилцуулж, зарим нь үзэсгэлэнгийн танхимд бүтээгдэхүүнээ дэлгэсэн байлаа.

Сайд Ё.Баатарбилэг эрдэмтийн бүтээл, инновацийн бүтээгдэхүүнүүдийг үзэж танилцсны дараа хэлсэн үгэндээ, шинжлэх ухааны ололт, амжилтыг танин мэдүүлэх, ялангуяа хөдөө орон нутагт, хүүхэд багачуудад хүргэх чиглэлд дорвитой ажил хийх хэрэгтэй санагдлаа, та нөхөд энэ санааг баяжуулж, боловсруулаад танилцуулаарай гээд үзэсгэлэн, хэлэлцүүлгийн арга хэмжээг илүү өргөн хүрээнд эцсийн хэрэглэгч, бизнесийн хөрөнгө оруулагчдад таниулах болон төрийн худалдан авалт хийдэг ХХААХҮЯ, БХЯ, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтарч зохион байгуулах замаар салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлд анхаарах хэрэгтэйг онцоллоо.