“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнгөрсөн баасан гарагт (2019.03.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах мөнгөний бодлого хэрэгжүүлэх.
Мөн дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлж, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах, валют болон мөнгөний захын дэд бүтцийг боловсронгуй болгох, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд:
Макро эдийн засгийн бодлого;
Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого;
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого;
Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого;
Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилтын 136 бодлогын арга хэмжээтэйгээр УИХ-ын 2017 оны 42 дугаар тогтоолоор баталсан.