2019.03.26

Ж.Ганбаатар: Экспортыг дэмжихийн тулд эдийн засгийн яам байгуулах ёстой

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн (2019.03.26) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх асуудлаар Ажлын хэсгийг байгуулах, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат танилцуулга хийсэн.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж хариулт авлаа.

Институт талаас нь бол Эдийн засгийн яам байх ёстой. Хэдэн яамны харьяанд байгаад байхаар манайд бодлого байхгүй байна.

Өөр байнгын хороон дээр ийм ажлын хэсэг байгуулагдаж байгаа юу? Ажлын хэсгийг яаж дэмжих юм, хэр хугацаанд ажиллах юм?

Ерөнхийд нь дэмжиж байгаа. Экспорт руу чиглэсэн бодлогын хувьд ганц уул уурхайгаа шүтэхээр маш их хэлбэлзэлтэй байдаг уул уурхайн үнэ унахад л нийгэм тэр чигээрээ донсолдог.Тэгэхээр экспорт руу чиглэх гэж байгаа бол хөдөө аж ахуй, ЖДҮ, аялал жуулчлал талаас нь ажлын хэсэгтэй сууж яръя гэсэн бодолтой байна.