Ө.Энхтүвшин: Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай хамааралгүй болсон
2019.04.05

Ө.Энхтүвшин: Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай хамааралгүй болсон

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр “Стандарт” банктай холбоотой өрийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Анх Жаст группийн Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас “Стандарт” банк 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандсан байгаа юм. Ингээд Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх нийт 4 удаа хуралдаж шийдвэр гаргасан.

“Стандарт” банк Эрдэнэт үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэхээр Эрдэнэт үйлдвэр нь батлан даагчаар оролцсон гэж хэлсэн учир шүүх түүнийг баталгаажуулсан. "Жаст"-ын Ш.Батхүү би бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж зөндөө ярьсан ч шүүх түүнийг нь хүлээж аваагүй.

Ингээд Арбитрын шүүхээс 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төл гэсэн шийдвэр гаргасан. Монголын тал мэдээж энэ шийдвэрийг зөвшөөрөөгүй. Английн шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ энэ их төвөгтэй юм билээ. Давж заалдах эрхээ олж авахын тулд 51 сая ам.долларыг Стандарт банкинд байрлуулсан байх ёстой юм билээ. Гэвч тухайн үед энэ мөнгийг төлөх боломж байгаагүй.

Гэтэл Стандарт банк Английн улсын дээд шүүхэд төлбөрөө хурдан төлүүлмээр байна гэж гомдол гаргасан байна. Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингэхдээ бүр хатуу шийдвэр гаргасан. Нэгэнт эцсийн шийдвэр учраас төлөхөөс аргагүй байдалд хүрч, Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Бид хэд, хэдэн удаа хуралдаад төлөхгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг судаллаа.

-Английн шүүхийн шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан.

Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол "Стандарт" банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах эрсдэл үүсэх байсан учраас ажлын хэсгийн зүгээс өрийг төлөх саналыг Засгийн газарт оруулсан.

Ингэхдээ аль болох бага төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн. Эхний ээлжинд гадаадын өрөө төлөөд, дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр төлүүлэх саналыг Засгийн газар дэмжсэн. Нөгөө тал шууд уулзахгүй байсан бөгөөд төлбөрөө төл гэдэг шаардлагыг тавьсан.

Тиймээс АНУ-ын компанийг зуучлагчийг олж, яриа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр удаан хугацаанд хийгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас гаргаж, Стандарт банкинд шилжүүлсэн. Одоо гадна талдаа асуудалгүй болсон учраас буруутай этгээдүүдээр энэ мөнгийг төлүүлнэ" гэлээ.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асууж хариулт авсан юм.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:

-Стандарт банкны өр албан ёсоор төлөгдөж, дуусгавар болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ энэ мөнгө бол зөвхөн "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан мөнгө дүнг шилжүүлсэн гэсэн үг. Тэр 160 гаруй сая ам.доллар бол Ш.Батхүүгийн өр.

-Ш.Батхүүгийн гарын үсэг хуурамч байсан эсэх асуудлыг шийдэх хуулийн байгууллагын шалгалт эцэслэгдээгүй байна. Энэ шийдвэрийг хүлээх боломж байгаагүй юм уу?

-Хүлээх боломжгүй. Өдөр бүр хүү, алданги нэмэгдээд байсан. Ингэсээр нэг мэдэхэд үйлдвэрийн тодорхой хувийг алдах эрсдэл үүсэх боломжтой байсан.

-40 сая ам.доллар бол бага мөнгө биш. Үйлдвэр өөрөө төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгө. Нэг хэсэг хүний хариуцлагагүй байдлаас болж үр ашиггүй төлбөр төлж байна. Хариуцлага тооцох уу?

-Буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг шүүхээр шийдэж, эцэслэнэ. Шүүх буруутай этгээдээр төлүүлэх ажлаа бид дотооддоо хийнэ. Хууль шүүхийн байгууллага шуурхай ажиллах байх.

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН:

-"Эрдэнэт" үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.доллар гаргаснаар алдагдалд орох уу. Эрсдлийн санг хэзээ байгуулсан юм бэ. Зөвхөн энэ өрийг төлөхийн тулд эрсдлийн санг байгуулсан гэх мэдээлэл байна?

"Эрдэнэт" үйлдвэрийн хувьд Эрсдлийн сан байсан. Эрсдлийн санг зохих журмын дагуу байгуулсан бөгөөд ийм хүндрэлтэй асуудлыг шийдэхэд тус нэмэр болсон. Үүнээс болж "Эрдэнэт" үйлдвэрийн мөнгөний бодлого, санхүүгийн ажиллагаанд сөрөг нөлөөлөл үүсгэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулна,  үйл ажиллагаанд догдолдол үүсгэхгүй.