О.Баасанхүү: С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсэгт Ц.Нямдорж орж болохгүй. Ашиг, сонирхлын зөрчилтэй
С.Зориг агсны хэргийг шалгах түр хороог УИХ-аас байгуулж буй асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-С.Зориг агсны хэргийг шалгах түр хороог байгуулах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна. Түр хороо хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй, ямар зорилготой байгуулагдаж байгаа юм бэ?
-С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг 1998 оны аравдугаар сарын 2-ний өдөр гарснаас хойш өнөөдрийг хүртэл дуулиантай байлаа. Уг хэрэгт буруутгагдан ял эдэлж буй хүн нь жинхэнэ хэрэгтэн мөн үү, хэлмэгдсэн үү эсвэл түүнд хүчээр хэрэг хүлээлгэсэн үү, санаатайгаар хэрэг зохиосон уу гээд тодорхойгүй олон асуулт бий. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын сайд асан, Олон улсын парламентын гишүүн хүн нас барсан учраас олон улсаас энэ хэргийг анхааралтай ажиглаж байна. Уг хэрэг нь халдлага уу, хувь хүний амь насаа алдсан явдал уу, улс төрийн бүлэглэлүүд санаатайгаар амь насанд нь халдсан хэрэг үү гэдгийг тодорхой болгох асуудлаар тайлан Олон улсын парламентын зүгээс биднээс өгөхийг шаарддаг.
Бидний зүгээс тухай бүрт нь “Уг хэргийг мөрдөж буй учир мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэрэг шүүхийн шатанд явж буй учир бид мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг тэдэнд өгч байсан. Харин хэрэг шийдэгдсэний дараа “Дээрх гурван хүн гүйцэтгэгч юм байна. Захиалагчийг нь шалгаж байна” гэсэн хариуг өгсөн.
Түүнээс эхлээд Олон улсын парламент, гэр бүлийнхний зүгээс маш олон асуудлыг тавьж эхэлсэн. Олон улсын парламентын холбооны зүгээс ажлын хэсэг томилогдож манай улсад ирээд тодорхой шаардлагыг тавьсан. Уг шаардлагын дагуу түр хороо байгуулагдаж байна гэж би ойлгож байна. Түр хороо байгуулагдах нь зөв. Хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй, хэн орж ажиллахыг нь хэлэлцэх шатанд тодорхой болгоно.
-С.Зоригийн хэргийг шалгаж, шийдвэрлэсэн байдлыг шалгах түр хороо байгуулагдах юм байна. Тодорхой яг ямар асуудлыг нь шалгах юм. Тухайлбал, эрүүдэн шүүсэн гэх асуудлаар дүгнэлт гаргах уу?
-1998 онд тус хэрэг гарсан. 2000 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд болсон. Уг хэргээс хойш маш олон хүнийг сэрдэж, барьдаг байсан. Дамирангийн Энхбат, Ард Батсүх, Дарханы хоёр гэр бүлийг шалгаж байсан. Маш олон хүнийг шалгасан ч уг асуудал мухардаагүй. Дараа нь шүүхийн шийдвар гарсан. Шүүхийн шийдвэр гарсан даруйд л гэр бүлийнхнийх нь зүгээс хэлмэгдүүлж, гүтгэлээ гэх асуудлыг ярьж эхэлсэн. 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр миний бие Тагнуулын Ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн. Уг хэргийг эрүүдэн шүүж хүмүүст хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай УИХ-ын зарим гишүүн ярьж байна.
Тусгай мөрдлөг, шалгалт явуулж хариу ирүүлээч гэсэн утга бүхий бичиг явуулсан. Үүний дагуу Улсын Ерөнхий прокуророос шалгалт явуулж, мөрдөн байцаалтад эрүүгийн хэрэг үүсгэж тодорхой хүмүүсийг цагдан хорьсон. Үүнтэй зэрэгцээд хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаж тэр дундаа шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хоригдсон иргэдийн дунд гүйцэтгэх ажил явуулсан асуудал байгаа тухай 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Мөн 200 сэтгүүлчид уг бичлэгийг үзүүлсэн. Уг үйл явдал УИХ-ын ихэнх гишүүдэд шок болсон. Тэр залууг хүнд байдалд оруулж, хэрэг хүлээлгэхийн тулд дарамталсан гэдгийг харсан.
Мөн энэ хэрэг үнэхээр үнэн хэрэг мөн үү гэдэг асуудал яригдсан. Олон улсын парламентын зүгээс Монгол улс хүнд хүчээр хэрэг хүлээлгэдэг үү гэдэгт анхаарч эхэлж байна. Бид хүчээр хүлээлгэдэг эсэх дүгнэлтийг Олон улсын парламентад өгөх ёстой. Тиймээс Л.Болд, Ц.Нямдорж нарын зүгээс түр хороо байгуулахаар санаачилсан нь зөв юм. Би нэг зүйл хэлэхэд, уг ажилд улс төржилт байж болохгүй. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй хүн түр хороонд орж болохгүй юм.
-Ашиг сонирхлын зөрчилтэй хүн нь хэн юм?
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж намайг түр хороонд орж болохгүй гэж хэлсэн. Яагаад ингэж үзэж буйг гайхаж байна. 1937 он биш дээ. Би эрүүдсэн биш. Яллагдсан хүмүүс миний тойргийнх. Би хамгийн их анхаарах ёстой. Ц.Нямдорж “ О.Баасанхүү бол түүний найз, үүний дагуул” гэж хэлсэн .
1937 онд хувьсгалын эсэргүүний найз гэх үндэслэлээр хүнийг буудаж алдаг байсан. Түүн шиг хүнийг нотолгоо, баталгаагүй мэдээллээр олон нийтийн өмнө гутааж байна. Би Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг түр хороонд орж болохгүй гэсэн байр, суурьтай байна. Харин Ц.Нямдорж сайд түр хороог ахална гэсэн саналтай байна лээ. Би уг ажлыг хийхгүй бол болохгүй гэж ярьж байгаа. Миний хувьд Ц.Нямдоржийг түр хороонд орж болохгүй гэсэн нөхөр ёсны шаардлага тавьж байгаа юм.
-Яагаад Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг түр хороонд оруулахгүй гэсэн байр, суурьтай байгаа юм?
- Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүн учраас орж болно. Ц.Нямдоржийн хувьд Хууль зүйн сайд. Хууль зүйн сайдын дор Цагдаагийн байгууллагын агентлаг үйл ажиллагаагаа явуулдаг.Цагдаагийн байгууллага нь ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүнд орсон байна. Энэ утгаараа нөлөөлөл орж магадгүй гэдэгт санаа зовж байна.
Хууль зүйн сайд Засгийн газрын гишүүн. Засгийн газрын шууд хяналтад Тагнуулын байгууллага байдаг. Тагнуулын нэр бүхий ажилчидтай холбоотой асуудлаар хууль ёсны эсэх дүгнэлтийг гаргах гээд байна. Тэр дүгнэлт нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг бид олж тогтоогоод хуулийн байгууллага руу хүргүүлэх зорилготой. Бидний бодож буйгаар гэмт хэргийн шинжтэй байна
. Тиймээс гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоож өгнө үү гэдгийг шүүх эсвэл прокурор гэсэн тодорхой байгууллагад гаргаж өгөх гээд байна. Тэгэхээр түр хороонд хуулийн салбарыг удирдаж буй Хууль зүйн сайд орж ажиллаж болохгүй. Хэрвээ ингэвэл Засгийн газар ажлын хэсгээ байгуулаад шалгаад, шийдвэрлэх хэрэгтэй шүү дээ. Засгийн газраас Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулаад хог новшоо цэвэрлэх хэрэгтэй.
-Хог новш гэдэг нь?
-Засгийн газрын хийсэн алдаа. Монгол улсын төрийг Ц.Элбэгдоржийнх, Н.Энхбаярынх, Н.Багабандийнх гэж ярихгүй. Монголын төрийн Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлсэн гэдэг дүгнэлт оруулж ирсэн. Дүгнэлтээр нь шүүхээс шийдвэр гаргасан байна. Прокурор ялласан байна.
Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гаргаад эдгээр нөхцөл байдлаа шалгаад дүгнэлт гаргаж болно. Тэгэхгүй заавал энд орж ирээд дүгнэлт гаргах ёстой, би ахална гэж байгаа нь УИХ-ын бие даасан хараат бус байдалд албан тушаалын байдлаар нөлөөлж харагдаад байна. Мэргэжлийн хуульчийн хувьд би ингэж болохгүй гэж дүгнэж байгаа юм.
-Түр хорооноос гарах дүгнэлт нь Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгахад нөлөөлөх үү?
-Би тэгэж бодохгүй байна. Монгол улсын хуулиар Ерөнхий прокурор тусгай дүгнэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлж, Улсын дээд шүүх нь бүгд хурлаараа тогтоол гаргаснаар уг хэрэг цагаадна үгүй бол нэмэлт, мөрдөн байцаалтад буцна. Ийм л хуультай. Прокурор бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. УИХ-ын тухай хуулинд УИХ-ын гишүүн болон УИХ нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг гэсэн байгаа. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавихдаа хууль зөрчсөн үгүйг л тогтоож дүгнэлт гаргах юм.
Хувь хүнд зориулж дүгнэлт гаргаж болохгүй. Түр хорооноос дэд ажлын хэсгийг гаргаж ажиллуулах байх. Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дүгнэлтийг УИХ-д танилцуулж түр хорооны дүгнэлт эсвэл УИХ-ын тогтоол гаргах арга хэмжээ авах байх. Би түр хороо байгуулагдаж буйд баяртай байна. Учир нь цаашид ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн асуудал гарах ёсгүй. 1999 оноос хойш яриад байсан асуудлаар дүгнэлт гаргах боломж гарч байна. Нөгөөтэйгүүр мөн болгоомжилж байгаа.
Учир нь нэгдүгээрт, хүн шатааж алсан нэг гэмт хэрэг байгаа. Хоёрдугаарт, С.Зориг агсны амь насыг захиалгаар бүлэглэн хороосон гэдэг хэрэг бий. Гуравдугаарт, захиалагчийнг хэрэг байна. Хүн шатааж алсан хэрэг, гүйцэтгэсэн гэх хэрэгт шүүхээс дүгнэлт гаргахдаа хуулийг баримталж уу гэдгийг түр хороо шийднэ. Захиалагчийн асуудал бол шалгагдаж буй хэрэг учраас үүнд дээр орох боломжгүй. Харах ч боломжгүй. Ц.Нямдорж сайдын хэлж буйгаар үүнийг харах ёстой гэж байгаа. Үүнд би болгоомжилж байгаа юм. Учир нь шалгаж буй асуудал шүү дээ. УИХ-ын гишүүн аливаа зүйлд эрүүл ухаанаар хандах ёстой.
-Таныг цагдаагийн байгууллагаас мөрдөн мөшгөсөн гэж та өмнө нь мэдэгдсэн. Энэ ямар учиртай вэ?
-Намайг мөрдөж, мөшгөсөн. Мөрдөж, мөшгөсөн долоо, найман тохиолдол бий. Би нотолж, баталж, шалгадаг хүн биш. Тохиолдол бүрийг нь баримтжуулаад явж байна. Хамгийн сүүлийн тохиолдлыг хэлэхэд, гуравдугаар сарын 24-ны өдөр би тойрогтоо улс төрийн үйл ажиллагаа явуулсан. Тодруулбал, би тойргийн иргэддээ ажлын тайлангаа тавьсан. Энэ бол жагсаал, цуглаан хийсэн эсвэл олон хүн цуглуулсан хэрэг биш. Тэр уулзалтад хууль хүчний байгууллагаас төлөөлөл очиж баримтжуулалт хийж болохгүй.
Эрүүгийн цагдаагийн хоёр төлөөлөл ирж баримтжуулалт хийсэн. Ямар зорилгоор баримтжуулалт хийж байгаа юм. Энэ бол мөрдөн, мөшгөлт мөн. Би тэнд төр Засгийн эсрэг ажил зохион байгуулаагүй. Хууль хүчнийхэн миний ярих зүйлд анхаарал хандуулж буй нь учиртай. Тодруулбал, Жи тайм гэх сүлжээнийн талаар юу гэж ярихыг минь сонирхож байгаа юм. Тагнуулын байгууллагын ажилтан Чулуунбаатар гэдэг хүн уг сүлжээнд 4000 хүнийг оруулсан. Чулуунбаатарт итгэж хүмүүс мөнгөө өгсөн. Тагнуулын ажилтан, хуулийн байгууллагад ажилладаг хүн учраас худлаа ярихгүй гэж итгээд хүмүүс мөнгөө өгсөн.
Жи тайм сүлжээгээр 40 тэрбум төгрөг олоод 20 тэрбумыг нь 200 хүрэхгүй хүн хувааж авсан. Үлдсэн 20 тэрбум төгрөгөөс Чулуунбаатар тодорхой хувь авсан. Гэтэл өнөөдөр энэ хэргийн гол буруутанг Марат гэж байна. Бүх хэргийг Маратад тохож байна. Тагнуулын байгууллага, Эрүүгийн цагдаатай холбоотой асуудал учраас миний уулзалт дээр зохион байгуулалттайгаар баримтжуулалт хийж байна. Би энэ бүхнийг шалгуулна. Жи тайм сүлжээ Эрдэнэтэд 4000 хүнийг итгүүлэн үнэмшүүлсэн. Энэ хэрэгт Чулуунбаатар гэдэг хүн 100 хувь холбоотой. Тэгэхээр ганц Марат гэдэг хүнийг шалгаж болохгүй. Марат гэдэг хүн яаж яваад хилээр гарчихсан юм. Яаж олон түмэнд реклам сурталчилгаа хийсэн юм. 400 хүнийг яаж олсон юм. Энэ бүхэнд тусгай албаны хүн тусалсан.
Сэтгүүлч Т.Хулан