С.Чинзориг: Гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг онцгойлон үзэх ёстой
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг ”Олон улсын гэр бүлийн өдөр” болгосон. Манай улсын хувьд энэхүү өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэж буй юм.
Төрийн ордонд болсон “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” зөвлөгөөнд гэр бүл, хүүхэд хамгаалал, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын гишүүд, дүүрэг хороодын нийгмийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл нийт 600 гаруй хүн оролцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн бат бэх чанарыг сайжруулах нь Монгол Улсын хөгжил, тусгаар тогтнолд нэн хэрэгцээтэйг онцлоод гэр бүлд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг илүү энгийн, ойлгомжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн энэхүү уулзалт арга хэмжээг өөрийн ивээл дор зохион байгуулсан гэсэн байлаа.
Зөвлөгөөний нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг үг хэлж төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгсөн.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол, харилцаа, хөгжил, хамгааллыг төрөөс анхаарч, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих эрх зүйн томоохон шинэчлэлийг хийж, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого /2016/”, Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030“ /2016/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /2016/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016/, Хүүхэд хамгааллын тухай хууль /2016/, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль /2017/, Хүүхдийн хөгжил, хамгааллын Үндэсний хөтөлбөр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, Залуучуудын хөгжлийн Үндэсний хөтөлбөр зэрэг хууль тогтоомж, бодлогыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг дурдаад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамжийн тусламж үзүүлэх, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зэрэг хамгааллын үйлчилгээ үзүүүлэх харилцааг зохицуулсан 50 гаруй журам, стандартыг батлан хэрэгжүүлж байгааг дуулгалаа.
С.Чинзориг сайд “Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан төв”-ийг Засгийн газрын шийдвэрээр байгуулан ажиллуулж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг орон нутагт анхан шатанд хэрэгжүүлэх хамтарсан багийн тогтолцоог бий болгож, Хамтарсан багийн гишүүд, түүнчлэн хохирогчид үйлчилгээ үзүүлж буй нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчдийн чадавхийг бэхжүүлэхэд анхааран “Хамтарсан багийн чадавхи бэхжүүлэх” үндэсний сургалт” “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аян, “Эцэг эхийн зөвлөгөөн”-үүдийг үндэсний болон бүсийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна” гээд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын жишиг бодлого, байгууллага аж, ахуйн нэгжид эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах зөвлөмж”-ийг батлан байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжсэн ажлыг зохион байгуулж, албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал тавих нөхцөлийг бүрдүүлж, ажиллах чиглэлийг өгснөө танилцуулав.
Түүнчлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд залуу гэр бүлийг орон сууцжуулах, залуучуудад амьдрах ухааны, гэр бүлийн боловсрол олгох асуудлыг тусгасан. 2018 оноос 21 аймаг, 9 дүүрэг, 2 суманд нийт 32 Залуучуудын хөгжлийн төвийг байгуулан ажиллаж байна. Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан амьдрах ухааны сургалтын модульт хичээлийг зааснаар өсвөр үе, залуучуудад бусдыг хүндлэх, гэр бүл төлөвлөлт, тэгш эрх, жендэрийн талаар ойлголттой болж эцэг эх, гэр бүл, багш нар, нийгэмтэй эрүүл дотно харилцаа үүсгэж сурахаас гадна аливаа асуудалд хариуцлагатай хандаж өөрийн ур чадвар, сонирхлоо хөгжүүлэх боломжийг олгоно гэдгийг ч хэлсэн.
Мөн Засгийн газар энэ оны тавдугаар сарын 1-ний хуралдаанаар Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг баталсны дагуу залуучуудыг өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлагатай байхад чиглэсэн салбар дундын үйл ажиллагааг эрчимжүүлж, залуу гэр бүлийг дэмжих, орон сууцжуулах, түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж байлаа.
Хүүхэд, гэр бүлийн хамгааллын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч санаа зовоосон асуудлууд байсаар байгааг С.Чинзориг сайд онцлоод “Цагдаагийн ерөнхий газрын тоон мэдээллээс харахад улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 486 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 105 хэргээр буюу 27.6 хувиар өсч, бүх хэрэгт эзлэх хувийн жин 3.8 болж, өмнөх оны мөн үеэс 1.2 нэгжээр өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 454 буюу 93.4 хувийг хөнгөн, 32 буюу 6.6 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 60.9 хувь нь Улаанбаатар хотод, 39.1 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
Гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байдал, архидан согтуурах зэрэг асуудлуудаас үүдэн гэр бүл хүчирхийлэл, гэрлэлт цуцлалт ихэсч, хүүхэд өнчирч гэр бүлийн элэг бүтэн амьдрал алдагдаж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд олон сөрөг хандлагууд бий болж байна.
Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг онцгойлон үзэж, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2019 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан.
Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахдаа бид гэр бүл төвтэй хөгжлийн бодлогын зарчмыг баримтлан гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжиж, гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, гэр бүлийн гишүүд, эцэг, эх, олон нийтийн гэр бүл, нийгэмд хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьсон.
Иймээс бид эцэг, эхийн үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гэр бүлийг дэмжих үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох, төрөөс гэр бүлийн тогтвортой, амьдралыг дэмжих, гэр бүлийн маргаантай асуудалд хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах, асрамж, халамж шаардлагатай хүүхдийг гэр бүлийн орчинтой дүйцэхүйц орчинд асран хамгаалах, хүүхэд үрчлэлтийн харилцааг боловсронгуй болгох эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх асуудлыг бид Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд шийднэ” гэсэн юм.
Үгийнхээ төгсгөлд тэрбээр гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл, олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, ялангуяа хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, бүх шатанд салбар дундын оролцоог хангах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа уялдаа холбоог илүү сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллахад шинэлэг бүтээлч санал, санаачлага гаргаж, дэмжиж, хамтран ажиллахыг уриаллаа.