Өнөөдөр Олон Улсын Гэр бүлийн өдөр
2019.05.15

Өнөөдөр Олон Улсын Гэр бүлийн өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна. Монгол Улс “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг 16 дахь жилдээ тэмдэглэж буй бөгөөд энэ өдрийг угтан “Зөв тусгал” хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Гэр бүлийн үнэ цэнэ” эцэг эхийн зөвлөгөөнийг Төрийн ордонд өчигдөр /2019.05.14/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Монголын мянга шахам гэр бүлийг төлөөлсөн олон арван ээж аавууд хот хөдөөгөөс цуглаж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагынхан 800 шахам хүн Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зэрэг олон сэдвээр санал бодлоо солилцсон юм.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөгөөнд оролцож хүүхдийн эрх, хөгжил хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар илтгэл тавилаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хүүхдийн талаар “Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах” зорилтын хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтэцийг бий болгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг арга хэмжээг үе шаттай нэвтрүүлэх зэрэг тодорхой асуудлууд туссан билээ.

Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан төв”-ийг Засгийн газрын шийдвэрээр байгуулан ажиллуулж байгаа зэрэг нэлээд олон мэдээлийг зөвлөгөөнд оролцогчдод өглөө.