Тэтгэврийн доод хэмжээг 500,000 хүргэх хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачиллаа. Монгол Улсад үйлчилж буй нийгмийн хамгааллын бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь хангахгүй хэвээр байна.
Тиймээс ч Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлого тухайн зорилтот бүлэгтээ үр өгөөжтэй, хүртээмжтэй байх, цаашилбал дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх асуудлыг үргэлжлүүлэн УИХ-аас батлан гаргах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэхүү хуулийн төслийг санаачилсан бөгөөд Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.
Хуулийн төсөл гурван заалттай бөгөөд бүрэн тэтгэвэр авагч өндөр настны тэтгэвэр 500 мянгаас доош, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэвэр 420 мянгаас доош бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн амжиргаа, амьдралын чанар сайжирч, тэтгэвэрээ олон сар, жилээр барьцаалан зээл авах нөхцөл буурна гэж үзжээ.
Мөн тэрээр хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ.