2020.01.28

2020 онд нийгмийн хамгааллын салбарт гарсан таатай шийдвэрүүд

2020 он гарахтай зэрэгцээд нийгмийн халамж, цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой таатай мэдээ, төрийн шийдвэрүүд гарлаа. 

Оны босгон дээр Тэтгэврийн зээлийг тэглэх тухай Ерөнхийлөгчийн дуулгасан мэдээ УИХ-ын түвшинд хууль болон батлагдаж, сар шинийн баяраас өмнө ажил хэрэг болохоор хэрэгжиж эхэлсэн. Ингээд зогсохгүй Засгийн газраас тэтгэврийн хэмжээг дунджаар 30,000-40,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цаашлаад хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарсан 21 мянган иргэдний нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. 

Бас нэгэн таатай мэдээ нь төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ. Монгол Улс 2017 оноос Олон Улсын Валютын Сангийн санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулсанаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтой болсон. Тиймээс эдийн засагт гарсан энэ төсөв санхүүгийн боломжийг нийтээрээ хүртэх, ялангуяа төрийн албан хаагчиддаа хүртээх нь зүйтэй гэсэн бодлого баримталж байгаа тухай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдсэн.

2014-2017 оны хооронд төрийн албан хаагчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Харин 2017 оны 10 дугаар сард одоогийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх гурван шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Илүү цаг болон, удаан жилийн нэмэгдэл зэрэг 2020 онд төрийн албан хаагчдын цалин дунджаар 15 хувиар нэмэгдэх нь ээ.

Хуулиар батлагдсан ч Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор хэрэгжих хугацаа нь 2 ч жилээр хойшилсон малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ онд шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болсон. Мөн эхчүүд төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацаасаа 1.6 жилээр нэмж тооцуулах боломжтой боллоо. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр даатгалын сангийн орлого 133 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулж, 2021 онд хэрэгжүүлэхээр болжээ. 

Ц.Соёлмаа