2020.03.10
Ч.Улаан: Хүнс нөөцлөх шаардлагагүй, өөрсдийн нөөцөөр 3-4 сар хүнсээ хангах боломжтой
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө. Тэрбээр "Ард иргэд хүнс бөөнөөр нь нөөцлөх шаардлагагүй.
Өдөр тутам 100-120 тн мах нийлүүлнэ. Өдөрт 60-70 тнн мах нийлүүлж байсан статистик байна. Гурилын тухайд өнөөдрийн байдлаар 3-4.5 сарын тогтвортой нөөцтэй байна. 2-р сарын 20-ны өдөр 100 мянган тн улаан буудай импортлох зөвшөөрөл гарсан. Оруулж ирэх аж ахуй нэгжүүд нь зөвшөөрлөө авсан.
ОХУ, Казакстанаас ихэвчлэн оруулж ирэхээр яригдаж байна. Гурил үйлдвэрлэхэд буудай чанарын шаардлага хангасан байх ёстой. Тиймээс онцгой анхаарч байна. Үнэ хөөрөгдсөн асуудал гарвал ШӨХТГ-тай хамтран хариуцлага тооцно. Тиймээс ард иргэд тайван байж, хүнсээ тухай бүр нь худалдан авч байхыг хүсье.
Анхаарал татаж байгаа асуудал бол бүх төрлийн будаа. Будааг 100 хувь импортоор авдаг. Будаа, элсэн чихэр 3 сар, ургамлын тос 2.5 сарын нөөцтэй байна. Тиймээс татварыг чөлөөлөх, импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Зорчигчийн хөдөлгөөнийг хаасан. Гэхдээ хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг саадгүй оруулна" гэлээ.