С.Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг алдагдуулж, зарах гэсэн хэсэг бүлгийн явуургүй оролдлого эрчимжиж байна
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газрын саналыг авахаар энэ сарын 6-ны өдөр хүргүүлсэн. Уг хуулийн төслийг хэлэлцэж, баталснаар байгалийн баялгийн үр шимийг тэгш хүртээх, зөв зохистойгоор ашиглах чиглэлд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдсан бодлогын өөрчлөлт, шинэчлэлт эрчимтэй хийгдэх нөхцөл бүрдэх юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох (IPO гаргах) шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-30 хувиа зарах нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус үйл ажиллагаа-
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг хувьчлах асуудал яригдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэн тэргүүнд шийдэх асуудал бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг худалдах, арилжих асуудал. Өмнө нь УИХ-д танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлэх, бусад санхүүжилтын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор энэ ажлыг хийнэ гэж байсан. Харин одоо нэг тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарж, борлуулах асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус үйл ажиллагаа гэж харж байна. Ийм учраас УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ асуудлыг Засгийн газар дур мэдэн шийдэх бус, УИХ-аар оруулж шийдүүлэх нь зүйтэй юм. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ хэлэлцэх боломжийг бүрдүүлье гэж “Тавантолгойн 30 хувьд IPO гаргах тогтоолыг хүчингүй болгох” тогтоолын төслийг өргөн барьсан.
Тавантолгойн үнэ цэн ямар билээ. Сүүлийн жилүүдэд Тавантолгойн нүүрсний борлуулалтаас Монгол Улс төсвийнхөө багагүй хувийг бүрдүүлж байна. Өндөр ашигтай ажиллах боломжтой. Ийм цаг үед энэ уурхайн үнэ цэнийг алдагдуулах, зарж, борлуулах гэсэн хэсэг бүлгийн явуургүй оролдлого эрчимжиж байна. Ямар ч тохиолдолд “Тавантолгойн” хувьцааг худалдах биш өөрийнх нь борлуулалтаас цэвэр ашгийг нь өсгөх замаар уурхайн үр ашгийг дээшлүүлэх бүрэн боломжтой. Иймд зарж, борлуулах асуудлыг Ардчилсан намын зүгээс эсэргүүцэж байгаа.
-Жилд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа нь өөрөө бодит үр ашиг-
-IPO гаргавал Тавантолгой компани олон улсын зах зээлд илүү хяналттай, нээлттэй компани болох юм биш үү? Үр ашгийг нь дээшлүүлэх боломж байна гэлээ. Тэр боломж нь юу вэ?
-Тавантолгойн үр ашгийг нэмэгдүүлэх өөрийнх нь бодит боломж байсаар байтал 30 хувийг нь хувьчлах асуудал ярих нь зохимжгүй. Бодит орлогыг нь нэмэгдүүлэх замаар үр ашгийг нь өсгөх бүрэн боломж байна. Тавантолгойн уурхай жилд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэллээ. Энэ чинь өөрөө бодит боломж, үр ашиг. IPO хийх замаар хөрөнгө босгоод түүнийгээ юунд зарах гээд байгаа юм бэ. Ямар санхүүжилтын эх үүсвэрийг бүрдүүлэх гээд байна вэ. Үүнийгээ тодорхой болгох ёстой. Гэтэл ерөнхий зарчим, тооцоо судалгаагүйгээр яриад байна. Бид Оюутолгойн уурхайн асуудал дээр ийм байдлаар л алдаа гаргасан. Тухайн үед би УИХ-ын гишүүн байхдаа шаардаж байсан. Техник, эдийн засгийн үндэслэл, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, эргэн төлөлтийн хугацаатай холбоотой асуулт тавиад тодорхой ямар ч хариулт аваагүй. Ингэсээр байгаад энэ уурхайг эхлүүлсэн. Өнөөдөр ямар маргаанд хүрэв? Үүнтэй ижил Тавантолгойн уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн тооцоо судалгаа маш бүрхэг байгаа.
Нэгдүгээрт, Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, УИХ-аар энэ асуудлыг оруулан нарийн тооцоо судалгааг хэлэлцүүлж, холбогдох байнгын хороодоор ярьсаны үндсэн дээр асуудлыг шийдэх нь зөв.
“Тавантолгойн уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн тооцоо судалгаа маш бүрхэг байгаа”
-“Эрдэнэс майнинг” компани Тавантолгойн 30 хувийг худалдан борлуулах ажиллагааг хариуцаж байгаа гэж АН-ын зүгээс мэдэгдсэн. Энэ талаар тодруулбал?
- Засгийн газар гаргасан тогтоол, шийдвэртээ эргээд хяналт тавь. УИХ-ын чуулганаар, холбогдох байнгын хороодоор энэ асуудлыг оруул. Тэгж байж асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хууль эрх зүйн орчин байхгүй гэдэг тайлбарыг хийх нь ойлгомжтой. Иймд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх хуулийн нөхцлийг нь бүрдүүлье гэж хуулийн төслийг өргөн барьсан.