Ч.Улаан: Шаардлагатай үрийн буудайгаа авсан, дутагдал үүсэхгүй
2020.05.07

Ч.Улаан: Шаардлагатай үрийн буудайгаа авсан, дутагдал үүсэхгүй

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан сэтгүүлчидийн асуултад хариуллаа. 

-Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломж байгаа юу?

-Засгийн газар малчдынхаа орлогыг бага ч гэсэн нэмэгдүүлье гэсэн бодлого барьж асуудалд хандаж байгаа. Засгийн газар нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй авах ёстой гэж үзсэн бол үйлдвэрлэгч тал 20,30 мянган төгрөгөөр авна гэсэн. Хоёр тал ярилцаж, хэлэлцэж тохиролцоно. УИХ нэг кг ноолуур тутамд нэмэгдэл урамшуулал олгохоор шийдсэн. Оны эцэст малчдын тоолуулсан ямааны тоог үндэслэн олгоно. Том, жижиг, үйлдвэр, угсаанаас хамаараад монгол яамны дундаж стандартын дагуу гарцыг нь тооцон олгоно. Малчдын дансанд улсын төсвөөс урамшууллыг олгохоор тогтож байгаа. Малчин бүр данстай байгаа.

-Ноолуурын гадаад зах зээл дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ. Итали болон Европын улс орнууд энэ жил ноолуур, ноолууран бүтээгдэхүүн авах уу?

-Ноолуурын үйлдвэрлэл дээр дотоодын зохицуулалтаа оновчтой хийхээр хичээж байна. Манай ноолуурын дийлэнх хэсгийг худалдан авдаг гаднын худалдан авагчид орж ирээгүй. Тиймээс энэ жилийн ноолуур бэлтгэлийн ажил удаашралтай байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ноолуураа авч дөнгөж эхэлж байна. Тиймээс яаран ноолуураа хямд үнээр зарахгүй байх хэрэгтэй. Эхний хагас жил ноолуурын бэлтгэлийн үе. Боловсруулалтын үе оны сүүлээр эхэлдэг. Дэлхийн зах зээл дээр боловсруулсан бүтээгдэхүүний хэрэгцээ гараад ирэх үед дотооддоо асуудлаа цэгцэлсэн байвал үйлдвэрийн сэргэлтэд ихээхэн дөхөм болно гэж үзээд дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж байна.

-Үр тариа дутагдалтай байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэдий хэмжээний үр дутагдаж байгаа вэ?

-Тариалалт эхэлж байна. Оны эцэст тариалалтын төлөвлөгөө гаргадаг. Нэгдүгээр сард тариалалт болон дутагдаж байгаа үрээ гаднаас авахаар шийдсэн. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн шугамаар 5000 тонн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө 10 мянган тонн үр оруулж ирэх зөвшөөрлөө авсан. Үр орж ирээд, тариалалт эхлэхэд бэлэн болсон. Мөн аж ахуйн нэгжүүд нэмж тариалалт хийх хүсэлт тавьж байгаа. Аж ахуйн хооронд нь зохицуулаад, байгаа нөөц боломжоо ашиглан тариалалт хийнэ. Төлөвлөсөн хэмжээнд үрийн дутагдал байхгүй.