Одой Лихтенштейн хэт том гүрний зангарагтай
2009.10.15

Одой Лихтенштейн хэт том гүрний зангарагтай

Лихтенштейн улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Нэг иргэнд 120 мянган доллар ногддог гээд төсөөл дөө. Иймээс энэ улсын талаар «бие багатай ч бэлчээр томтой» гэж хэлж болно.

2000 жилийн түүхтэй энэ орон Үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд 1989 оноос хойш их тайж II Ханс-Адам тэргүүлж байна. Тэрээр Ерөнхий сайдыг томилдог ба харин хууль тогтоомжууд эхлээд заавал парламентын дэмжлэгийг хүлээх ёстой.

Энэ орны улстөр, эдийн засгийн нэр хүнд та бидний бодож байдгаас ч асар өндөр. Европын тэргүүлэх гүрнүүд аливаа асуудалд энэ улсын байр суурийг харгалзан үздэг. Тэгэхээр дэлхийн тавцан дахь нэр нөлөөг нь хүн амтай нь харьцуулан Лихтенштейнийг хэт том гүрэн гэж болно. Одой хэрнээ хэт гүрэн.

Энэ улс өөрийн валютгүй ч банкны хүчирхэг системээрээ дэлхийд алдаршсан билээ. Өнөөдөр Лихтенштейн улс дэлхийн хамгийн том оффшорын бүс болжээ. (Оффшор гэдэг нэр томъёог дэлхийн санхүүгийн төвүүд их хэрэглэдэг. Энэ нь тухайн улс гадаадын валютаар банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бүс юм. Зарим орон ийм бүсэд бүртгүүлсэн байгууллага, компанийг татвараас бүрэн чөлөөлдөг).


Лихтенштейн улс эх оронд нь капитал, ашиг орлогоо байршуулагсдад маш бага татвар ногдуулдаг. Гадаадын компаниудаас цэвэр ашгийн гурван хувийг л авдаг. Иймээс энд ёс төдий 1-2 хүнтэй гадаадын 25 мянга гаруй компани бүртгүүлжзэ. Энэ орны төсвийг ихэнхийг гадаадын компаниудаас авдаг татвар бүрдүүлдэг. Харин төсвийн гуравны нэгийг шуудангийн маркаас олдог аж.

Тэрчлэн банкны нууцыг чанд хадгалдаг зэрэг нь бяцхан ЛихтеншТейнийг Европын санхүүгийн том төвүүдийн нэг болгожээ. Тэгээд ч энэ улсын банкны салбар
Европын Холбооны (ЕХ) хуульд захирагддаггүй. ЕХ-ны түшмэд нэг бус удаа Лихтенштейн улсыг мөнгө угаахад тусалдаг хэмээн буруутгасан ба банкны хуулиа чангатгахыг шаардаж байгаа. Тэрчлэн ЕХ-ны үзэж буйгаар энэ улс гадаадын иргэдийг татвараас зайлсхийхэд тусалдаг гэнэ. Яагаад гэвэл хүмүүс тус улсын банканд мөнгөө хадгалуулах сонирхолтой байдаг. Ер нь татварын диваажин гэж байдаг бол энд л байна.

Энэ улсын төмөрлөг боловсруулах, нарийн багаж хэрэгсэл, оптикийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Тус улс бараг бүх бүтээгдэхүүнээ экспортолдог. Харин хөдөө аж ахуйд нь бэлчээрийн мал, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зонхилдог. Иймээс хөгжингүй Австри, Швейцарийн иргэд ч ийшээ ирж ажилладаг байна. Т үүнээс гадна Лихтенштейн улс ашиг орлогоо зөв хуваарилж, улмаар аялал жуулчлалын салбараа өндөр хөгжүүлснийг онцгойлон тэмдэглэвэл зохино. Жилд хэдэн зуун Жуулчин ирж Лихтенштейний Альпийн нуруунд цанаар гулгадаг. Энэ улсад уулын цанын спорт нэг номерт тооцогддог.

Лихтенштейний газар нутаг 160 км2 бөгөөд 35 мянган хүнтэй. Албан ёсны хэл нь герман, шашин шүтлэгийн хувьд католикчууд давамгайлдаг. Их тайж II Ханс-Адам бол Европын хамгийн нэр хүндтэй сурвалжит удмын язгууртан бөгөөд Их Британийн хатан хаан, Оросын хаан Романовтой цусан төрлийн холбоотой, Түүний гэр бүл Европ тивд хамгийн нөлөө бүхийд тооцогддог. II Ханс-Адам бол Европын гол хандивлагч бөгөөд урлагийг ивээн тэтгэдгээрээ их алдартай.

Манай эриний эхээр Ромын эзэнт гүрний хэсэг байсан Лихтенштейн улс VI-IХ зуунд франкуудын гүрэн, дараа нь Ромын ариун гүрэнд харъяалагдаж байв. 1507 онд Ромын император Максимилиан Лихтенштейний нийслэл Вадуцу хотод онцгой эрх олгож, татвар зэрэг олон асуудал дээр бие даахыг зөвшөөрчээ. Харин Австрийн их тайж Лихтенштёйн 1699 онд Шелленберг хот, 1712 онд Вадуц хотыг худалдан авч, улмаар 1719 онд нэгтгэлээ. Энэ үед Лихтенштейний гэр бүл Австри, Герман, Чех зэрэг Европын олон улсад асар том газар нутгийг эзэмшиж байсан юм.


Лихтенштейн улсын орчин үеийн түүх 1719 онд эхэлсэн бөгөөд 1866 онд бүрэн тусгаар тогтножээ. Дэлхийн I дайны дараа буюу 1921 онд Лихтенштейн улс Австритай байгуулсан гэрээгээ цуцалж, Швейцартай хэлцэл хийж, гаалийн холбоо байгуулав. Иймээс Швейцари улс гадаадад тус улсын Элчин сайдыг төлөөлдөг аж.

Олон улсын аливаа байгууллагад хамрагддаггүй байсан Лихтенштейн улс 1990 онд НҮБ-д элсчээ. Мөн энэ улс Европын Холбоо, ОБСЕ-ийн нөлөө бүхий гишүүн орон юм. Тэр бүү хэл 1993-1994 онд Чех, Словак улсуудыг Европын Холбоонд элсэхэд хориг тавихаа шахсан. Яагаад гэвэл их тайжийн гэр бүл дэлхийн II дайны дараа хураалгасан газар нутгаа буцааж өгөхийг шаардсан ба асуудал одоо ч ший-дэгдээгүй хэвээр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.