Байхгүйгээс бий болгосон он жилүүд
Ээж “Тамир төв” дээр хүрээд ирээч” гэсэн мессэж явуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гээд ажил ихтэй байсан ч, энэ удаа ажлаа түр хойш нь тавъя гэж шийдлээ. Ажлын хэсгийн гишүүдээсээ түр гарчихаад ирэх зөвшөөрөл аваад шууд “Тамир”-ыг зорив.
Ээж маань 2004 оноос эхлэн “Молор трейд” компаниа удирдсаар өдгөө 70 насыг зоогложээ. Өөр хүн бол гэртээ үр ач нараа тойруулаад жаргах цагсан. Өмнө нь талийгаач дүү маань компаниа удирдан чиглүүлэх бүхий л ажлыг гардан хийдэг байхад санаа зовох зүйл бага байжээ. Дүүгээс минь хойш энэ бүх ачаа ээжийн нуруун дээр ирсэн. Өдий насалтлаа энэ зэргийн хүнд ачаа дааж явна гэдэг амар юм биш. Сүүлийн жилүүдэд компанийнхаа ажилд нэгбүрчлэн оролцохоо больсон ч, ерөнхийд нь компаниа залж чиглүүлэх үүргээ бол ягштал биелүүлсээр л байгаа дуулдаад байдаг юм. Гэхдээ ажлын ачааллаас болоод үе үе бие нь чилээрхээд байх болжээ. Ийн бодолхийлсээр нэг л мэдэхэд ажлынх нь гадна ирсэн байв.
“Тамир төв” байрлаж байгаа энэ газар анх автомашины зогсоол байж билээ. Одоо ч энэ хавьд бөөр бөөрөөрөө нийлсэн олон барилга босчээ. “Дако” компани “Тамир төв”-тэй тулгаад шахуу 16 давхар барилга барьж, цаана нь “Өргөө” кинотеатрын өргөтгөлийн найман давхар барилга ойр хавийн орон сууц, албан газрын цонхыг сүүдэрлэн босч байна. Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин барьж байгаа эдгээр барилгаас болж ээж маань сүүлийн үед багагүй бухимдах болжээ.
Учир нь, “Тамир төв”-тэй залгаад “Гурван тамир” дунд сургууль байрладаг юм. Дунд сургуультай бөөр нийлүүлэн барьж байгаа эдгээр барилгын арзайж сэрийсэн төмрүүд хэн хүний сэтгэлийг жихүүцүүлнэ. Үүнээс болоод эцэг эхчүүдийн зүгээс гомдол тасрахаа байжээ. Сургуулийн орчныг ийн аюултай бүс болгож байгаа нь “Гурван тамир”-ынхны санааг зовоох гол асуудал юм. Харамсалтай нь, газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрлийг нь Нийслэлээс гаргаад өгчихсөн болохоор барилгын эздэд юу ч гэж хэлээд нэмэргүй юм билээ.
Манай хэд хэлж яриад хүлээж авахгүй болохоор аргаа бараад мэргэжлийн хяналт, шүүхэд хандсан гэсэн. Харамсалтай нь, Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр уг барилга холбогдох хууль тогтоомжуудийг зөрчсөн нь тогтоогдсон ч, шүүх нэг бол “Гурван тамир”-ын талд, үгүй бол нөгөө талд шийдвэрээ гаргаж будилсаар байх зуур барилга хэдийнэ баригдаад дуусчээ.
Зарим нэг найз маань “Чи чинь Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн, төрийн сайд, Ардчилсан намын нөлөө бүхий лидер байж яагаад энэ хууль бус үйлдлийг зогсоож чаддаггүй юм бэ. Чамайг чинь Ардын намынхан “Баянголын Ван”, “Хууль үйлчилдэггүй” энэ тэр гэж гүжирдээд байдаг биш билүү. Ингэж настай ээжийнхээ сэтгэлийг чилээх хэрэг байна уу” гэж үнэн сэтгэлээсээ гайхан асуудаг юм. Би тэдэнд “Эцсийн эцэст Монгол Улс чинь хууль дүрэмтэй улс. Надад төрийн нэр сүрээр далайлгаж, бусдыг дарамтлах ёс зүй байхгүй. Төр түшилцэж яваа хүн хууль журмаа эс дагавал өөр хэн дагах билээ” гэж хариулдаг.
Мэдээж би тэр хүмүүстэй хүний хувиар уулзсан л даа. “Та нар энэ хууль бус ажлаа зогсоогооч ээ. Барилгын тухай хуулийг илт зөрчсөн байна шүү дээ” гэж хүн ёсоор хэлсэн. Даанч хүний үг сонсдоггүй хүмүүс юм билээ. Элдэв арга саам хэрэглэж аргацаасаар барилгаа босгоод ирлээ.
Миний хувьд 1995 оноос хойш гэр бүлийнхээ бизнест хааяа нэг зөвлөхөөс өөрөөр оролцохоо больсон. Энэ удаа ч тэдэндээ гавьтай тус болж чадаагүй. Асуудлаа хууль журмынх нь дагуу шийдүүлэхийг зөвлөхөөс хэтэрсэнгүй дээ.
Ээж маань сүүлийн үед энэ мэт дарамттай асуудлуудтай нүүр тулах болсон нь угаас чилээрхээд байгаа биеийг нь улам чилээжээ. “Та одоо болио. Битгий энүүгээр ирээд бай л даа. Гэртээ сайхан амарч бай. Уйдаад байвал ач, зээ нараа дууд ” гэхээр зүгээр л инээмсэглэнэ. Аав, дүү хоёроос хойш надад үлдсэн ганц түшиг тулгуур минь гэдгээ мэддэг болохоор ингэж шүд зуун зүтгээд байгааг нь би гадарлана л даа. Хоёул жаал хууч хөөрч, амьтан ах дүү нарынхаа талаар, тэднийхээ үр хүүхдүүд хаана юу хийж яваа талаар хөөрөлдөв.
Миний аавын талаас ч, ээжийн талаас ч төрд алба хашиж байгаа хүн надаас өөр байдаггүй юм. Бүгд л дор бүрнээ амьдралаа аваад явж байдаг юм. Харин 2012 оны Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт надтай холбоотой дөрвөн хүн л нэр дэвшсэн. Түүгээр дөрөөлж ах, дүүгээрээ Баянгол дүүргийг дүүргэсэн мэт цуурхал дэгдээсэн нь өдгөө ч бусдын амны зугаа болсоор л байна. Ганц дүү маань 2004 онд бурхан болсноор би эхээс ганцаараа үлдсэн. Өөрөөр хэлбэл, надад бүхэл бүтэн дүүрэг дүүргэх ах дүү байхгүй л дээ.
Тэр дөрвөн хүний асуудал үнэндээ миний сонголт байгаагүй, Баянголчуудын маань сонголт байсан. Монгол Улсын гурван сая иргэний нэгэн адил тэр хүмүүст аль ч шатны сонгуульд нэр дэвших эрх нь байсан. Тэр эрхээ л эдэлсэн. Иргэд тэднийг сонгохгүй байж болох л байсан. Гэвч Баянголчууд тэдэнд итгэл хүлээлгэж сонгосон, тэд ч итгэлийг нь алдаагүй. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилд “Шинэчлэлийн баг”-ийн хийсэн ажлаас харж болно.
Ер нь намайг гүтгэх гүжирдэх юм мундахгүй л дээ. Анх энэ барилгыг барьж эхлэхэд “С.Эрдэнэ энд олон давхар барилга барих гэж байна. Барьчихлаа. Хууль дүрмийг уландаа гишгэж байна” гэх зэргээр өчнөөн л муулж бичсэн, ярьсан. Бодит байдал дээр манай гэр бүлийнхэн хохирчихоод явж байгааг хэн ч яриагүй. Мэдсэн ч албаар худал цуурхал тараана. Худал үгийг мянга давтахаар үнэн болж хувирдаг гэсэн зарчмаар намайг мөн ч их гүтгэж, гүжирдсэн дээ. Энэ мэт гүжир гүтгэлэг намайг ч, миний гэр бүлийг ч туйлдуулж байгааг ээж маань ойлгодог. Тиймдээ ч намайг үнэн байдлыг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй гэж үргэлж зөвлөдөг юм.
Энэ шалтгаанаар өнгөрснөө дурсан санах хэрэгтэй болсон юм. Ийм шалтгаанаар “Тамир төв”-ийн талаар, анх энэ төвийг хэрхэн барьсан талаар товчхон өгүүлье гэж бодлоо. Хүмүүс гүтгэлэг, доромжлолыг биш үнэнийг мэдэж байх эрхтэй.
Анх “Өргөө” кинотеатрын арын энэ газрыг Амар гэдэг залуу эзэмшдэг байлаа. Түүн дээрээ авто зогсоол, нэг жижиг архины үйлдвэр зэргийг ажилуулдаг байсан санагдаж байна. Би хэдэн жил машины наймаа хийгээд жаахан мөнгөтэй болчихсон байсан үе. Ээж тэр зогсоолыг нь шохоорхоод “Нэг шөнөдөө л гэхэд 300-400 машин тавьчихдаг, хөөрхөн орлого олдог газар байна. Энийг зарна гээд байх юм. Авчихвал зүгээр юм бишүү” гээд болдоггүй. Тэр үед газар энэ тэр үнэтэй ч байсан биш. Тоодоггүй байлаа шүү дээ.
Тэгээд ерөнхийдөө газарт нь бус авто зогсоолд нь болоод тэр газрыг худалдаж авахаар болсон. Ээж маань түүнийгээ ажилуулдаг, орой болгон очиж орлогоо тоолж авдаг байлаа. Хэдэн жил ингэж явлаа. Тэгсэн нэг өдөр нүдэнд дулаахан төрхтэй залуу “Тантай уулзах хэрэг байна” гэсээр хүрч ирдэг юм. Өөрийгөө “Ономоогийн Энхсайхан” гэж танилцуулаад. “Ах аа, би барилга барьдаг юм аа. Хоёулаа хамтраад энэ газар дээр чинь Үйлчилгээний төв барья” гэлээ. Тухайн үед би авто зогсоолоосоо олдог жаахан мөнгөндөө харам сэтгэл төрөөд “Яваандаа бид өөрсдөө барилга барихаар төлөвлөж байгаа. Хамтрахгүй ээ” гэж хэлээд гаргачихлаа. Үнэндээ ямар юмаараа барилга барих вэ дээ. Гэтэл нөгөөх чинь шалаад салдаггүй. Нэг өдөр бүр зураг төслөө бариад ирдэг юм. Их л гоё зураг төсөл байсан санагдаж байна. Тэрийг нь хараад сэтгэл хувирчихлаа. Ингээд хамтрах талаар ярилцаж эхлэв. Тэр зураг төслийн дагуу таван блок барилга барихаар болов.
/Ономоогийн Энхсайхан гэхээр хүмүүс гадарлаж байгаа байх. Сүүлд УИХ-ын гишүүн болж, газар шорооныхоо төлөө тэмцэж явсан, Монголын ард түмэнд хайрлагдсан хүн. Даанч цэл залуугаараа Бурханы оронд одсон доо/
Ингээд бид газраа өгч таван блок барилгын хамгийн урд талынхыг нь авахаар болов. Ярилцаж байгаад барилгынхаа нийт өртгийн 50 хувьд газраа суутгуулж, үлдсэн 50 хувийг нь худалдаж авахаар тохиров. Уг барилга маань өөрөө үйлчилгээний төвийн зориулалттай гэдгийг хэлсэн. Би ч анхандаа зориулалтынх нь дагуу ашиглана л гэж бодож байлаа. Ийн О.Энхсайхан бид хоёрыг газраа наймаалцаж байх зуур ээж, дүү хоёр “Гурван тамир” дунд сургуулиа байгуулах гээд тун завгүй гүйж байлаа. Барилга ч баригдлаа. Түлхүүрээ ч гардаж авав. Байдаг бүх мөнгөө шавхаад 50 хувийнх нь төлбөрийг хийчихсэн. Халаас хоосон, нэг л сайхан барилгатай хүн болов. Гэтэл шинэхэн барилга ээж, дүү хоёрын нүдэнд тусчээ.
Тэд юу юугүй л “Ажил үйлчилгээг хаана ч явуулж болно. Ерөөсөө энд чинь сургуулиа оруулъя” гэж зүтгэлээ. Би ч нэгэнт бизнесээ авч явж байгаа улсууд ингэж шийдэж байгаа бол зөрүүдлээд яахав гэж бодлоо. Тэгээд ч бизнесийн ажил хэрэгт оролцох нь төвөгтэй санагдаад тэгсхийгээд зөвшөөрчихсөн. Тэр нь ч оносон юм. Ингээд шинэхэн барилгадаа шинээр байгуулж байгаа сургуулиа орууллаа. Тэгсэн хөгтэй юм боллоо. Үүдэндээ сургуулийнхаа хаягыг хийлгэж хадуулах гэсэн бид гурвын хэнд нь ч мөнгө байдаггүй. Миний хувьд барилгынхаа тал үнийг төлөх гэж бүх мөнгөө шавхчихсан. Ээж, дүү хоёр сургуулийн ширээ, сандал гээд байдгаа барчихсан. Нөгөө хоёр маань “Одоо яахав” гэсэн шиг над руу харж байна аа. Би тэр үед сонирхоод нэг их гоё ангийн буу авчихсан байсан юм. Түүнийгээ зарж олсон мөнгөөрөө сургуулийнхаа хаягийг хийлгэж байлаа.
Харин “Тамир төв”-ийн тухайд О.Энхсайханы барьж өгсөн барилгын урд талд жижгэвтэр газар бидэнд үлдсэн юм. Түүн дээрээ хоёр давхар байшин барилаа. Жижигхэн болохоор нь хүмүүс “Муурын байшин” хэмээн өхөөрдөнө. Шинэ байраа сургууль болгосон учраас ээж, дүү хоёр маань “Муурын байшин”-гаа компанийнхаа оффис болгов. Жижигхэн ч гэсэн хоёр давхар юм болохоор манай хоёрт дажгүй болоод л байдаг байлаа.
Гэвч би тэр хоёртоо нэмэр болохоосоо нэрмээс болдог жишгээрээ Баянголын намынхнаа авчираад доод давхарт нь суучихлаа, тэр үед хаа сайгүй л намын байрны асуудал хүнд байсан юм. Би нэгэнт Баянгол дүүргийн Арчилсан намын дарга учраас энэ байдлыг зүгээр хараад сууж чадаагүй. Тэгээд л журмын нөхдөө дагуулаад хүрээд ирсэн хэрэг. Хаа очиж ээж, дүү хоёр маань биднийг хажиглаж, тээршааж байгаагүй юм шүү. “Муурын байшин” маань олон хүн бужигнасан, инээд хөөр цалгиж, ажил хэрэг өрнөсөн сайхан энергитэй газар байсан. Хожим яалт ч үгүй нураах болоход сэтгэлд нэг л тиймхэн гуниг төрж билээ. Энэ “Муурын байшин”-гийн суурин дээр өдгөөгийн “Тамир төв” боссон юм.
О.Энхсайханы хувьд сүүлд өөрийнхөө эзэмшлийн блокуудаа бүгдийг нь зарсан байсан. Одоо нэг блокт нь “Тавилгын дэлгүүр”, нөгөөд нь “Хөх хулганы орон” хүүхдийн тоглоомын газар, цаашаагаа ресторан, баар гээд бүгд өөр эзэнтэй болсон байна лээ. Хүмүүс энэ бүгдийг миний эзэмшлийнх гэж ойлгоод байдаг. Арга ч үгүй биз дээ. Тэгж ойлгуулах улс төрийн захиалгат сурталчилгааны кампанит ажил тогтмол явуулдаг юм чинь. Манай гэр бүлийнхэн Баянгол дүүрэгт эзэмшдэг газар гэвэл “Тамир төв”, “Гурван тамир” дунд сургууль, XVIII хорооны тэнд “Бяцхан тамир” гээд нэг цэцэрлэг л байна.
Бас 1990-ээд онд худалдаж авч байсан нэг аж ахуйн хашаа ДЦС-IV-ийн тэнд бий. Өөр бусдаас илүү гарсан юм байхгүй дээ. Гэтэл Баянголд баригдаж байгаа барилга болгоныг надтай холбож ярьдаг юм. Үнэн хэрэгтээ миний гэр бүлийнхэнд тийм их хөрөнгө байхгүй. Ээж, дүү хоёр маань ч нийгмийн чиглэлийн бизнес рүү голчлон явсан байдаг юм . Би ч түүнийг нь дэмжиж, чиглүүлэхдээ чиглүүлж, зөвлөж явсан. Ээж дүү хоёр маань 26 жил тасралтгүй хөдөлмөрлөж байж сургууль, ахмадын амралт, жижиг барилгын компани, жижиг усны үйлдвэр гээд энэ компани, аж ахуйгаа босгосон доо.
Түүнээс уул уурхай, архи спирт гэх зэрэг асар их ашиг олдог мөртлөө сэтгэлд сэвтэй бизнес рүү хуруугаа ч дүрж явсангүй. Аав маань амьд сэрүүндээ дүү бид хоёрт архи, спирт, алтнаас хол яваарай гэж захидаг байсан юм. Тэглээ гээд бид муудсан юм алга. Бүх юм сайхан болж бүтэж л байна. Одоо ч тэр хэд маань “Цалингаа тавьж чадахгүй болчихлоо. Банкны өр зээл төлөх хугацаа боллоо” гээд гүйж л явдаг юм. Аж ахуйн нэгжүүдэд байдаг л зовлон.
Манай хэд хүний туулдгийг туулж, зовлон жаргалыг адилхан л амсч яваа хүмүүс. Одоо л хүүхдүүд маань ажил амьдралын замд хөл тавьж эхэлж байна. Харин бурхан надад сайн хань заяасан. Тэдэндээ итгэж, тэднийг сургаж, туршлагажуулах цаг нь болжээ гэдэгтэй ээж, хань хоёр минь санал нийлдэг юм. Ээж маань ч бүрэн утгаараа гавъяаныхаа амралтыг эдэлж, үр ач нарынхаа ач буяныг хүртэх цаг нь болжээ.
ТӨРД ЗҮТГЭСЭН ОН ЖИЛҮҮД НОМЫН ХЭСГЭЭС