Хятадууд "Дэлхийн мисс"-ийг улстөртэй хутгав
"Дэлхий мисс" тэмцээний зохион байгуулах хороо Норвегийн мисс Мариан Биркедалийг шагналт байрнаас аль болох хол байлгах дарамт шахалтад оруулсан хэмээн "The daily Mail" сонин бичиж байна.Хятадын Санья хотод аравдугаар сарын 30-нд болсон гоо сайхны тэмцээн зохион байгуулагчид Хятадын эрэх баригчдын шахалтад орж Биркедалийг шагналгүй үлдээх шийдвэр гаргасан бололтой.
Тэрс үзэлтэн Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал олгосныг Хятадын засгийн газар эсэргүүцэж Норвегт дургүйцлээ илэрхийлсэн байсан билээ. Энэ удаагийн дэлхийн мисс тэмцээнд Норвегийн мисс түрүүлэх хамгийн магадлалтай байсан ч тэрээр шилдэг тавд ч багтаж чадаагүй юм. тэмцээнийг зохион байгуулах хороо дээрхи мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
“Дэлхийн мисс” улс төржсөн тохиолдол ганцхан Мариан Биркедалаар хязгаарлагдсангүй. Хятадууд Тайванийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөлгүй улмаас тус арлын төлөөлөгч энэ тэмцээнд оролцож чадсангүй. Үүнээс гадна Хятадын үзэгчид Японы гоо бүсгүйд алга ташиж баяр хүргэхээс татгалзжээ. Япон Хятад хоёр улс Сэнкаку арлын маргаанаас болж муудалцаад байгаа билээ.