Коронавирусний эсрэг вакцин гаргавал Монгол Улсад нийлүүлэхийг хүсэв
2020.07.23

Коронавирусний эсрэг вакцин гаргавал Монгол Улсад нийлүүлэхийг хүсэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Цай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярьж,  Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрснээ тэмдэглэв. Ялангуяа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлж, БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэх хүсэлтийг тавив.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт чухал болохыг тэмдэглэж, нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр ажиллах, Засгийн газар хоорондын комисс зэрэг механизмын уулзалтуудыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар улс орнууд цар тахалтай хамтран тэмцэж буй амаргүй нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын худалдааны харилцаа, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.