Дарамт хүчирхийллийн эсрэг мэдээллийн кампанит ажил Төв аймагт үргэлжилж байна
2020.07.22

Дарамт хүчирхийллийн эсрэг мэдээллийн кампанит ажил Төв аймагт үргэлжилж байна

Европын холбооны дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, ОУХБ-тай хамтран өрнүүлж байгаа “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” Мэдээллийн кампанит ажлын хүрээнд өнөөдөр /2020.07.22/-нд МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяагаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллалаа. Тус ажлын хэсэгт Хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, хуульч Ш.Самал, МҮЭ-ийн холбооны Төв хэвлэл “Хөдөлмөр” сонины сэтгүүлч Т.Солонго нар байв.

Ажлын хэсэг, Төв аймгийн төр, хувийн хэвшлийн зарим анхан шатны хороодын гишүүдтэй уулзаж зөвлөгөө өгөв. Энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзахад 350 ажилтантай тус эмнэлгийн удирдах ажилтнуудын зүгээс ажлын байрны дарамт үзүүлдэг талаар ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрийн дагуу эмч эмнэлгийн ажилтнуудад олгогдохоор болсон 60 хувийн үр дүнгийн урамшуулал эхний улиралд олгоогүй мөн хоёр дахь улиралд дутуу олгосон, шалтгаан нь тодорхойгүй цалин урамшууллын суутгал хийгддэг, бүтэц орон тооны хуваарилалт оновчгүй, эмч, сувилагчийн хүрэлцээ муу, илүү цагийн хөлс олгодоггүй, ажлын ачаалал хэт их байдаг нь ажлын байрны дарамт болж байгаа талаар эмч эмнэлгийн ажилтнууд учирлаж хэлсэн юм.

Хариуд нь МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Байгууллагын дотоод журам МЭМА-ны ҮЭ-ийн холбоо ЭМЯ-тай байгуулдаг Хамтын хэлэлцээр, хамтын гэрээтэй нийцэхгүй байна. Хамтын гэрээ өөрчлөгдөх тутамд байгууллагын дотоод журам дагалдан өөрчлөгдөх ёстой. Гэтэл танайд хоорондын уялдаа холбоо байхгүйн улмаас энэ бүх зөрчлүүд үүсч байна. Эмч эмнэлгийн ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэх тухай асуудлаа яаралтай хүргүүлэхгүй бол ирэх оны төсвийн төслийг баталчихвал дахин нэг жил хүлээх хэрэгтэй болно. Эмч эмнэлгийн ажилтнуудад олгогдох 60 хувийн үр дүнгийн урамшууллын олговрыг дутуу олгох, огт олгохгүй байх явдал байж болохгүй.

Энэ тухай асуудлаа шүүхэд шилжүүлж шүүхийн шийдвэрээр эмч эмнэлгийн ажилтнуудад олгогдох ёстой 60 хувийн үр дүнгийн урамшууллын тооцуулан авах хэрэгтэй. Мөн илүү цагийн урамшуулал, цалин хөлс хасч байгаа асуудлыг байгууллагынхаа Хамтын гэрээнд оруулж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой шүү” хэмээн хэлэв. Харин МҮЭ-ийн холбооны ХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх гомдлоо ажил олгогчдодоо гаргах, МҮЭ-ийн холбооны хуульч өмгөөлөгчдийн багаас тусламж хүсэх, холбогдох эрх бүхий байгууллагуудад хандах бүрэн боломжтой. Ажлын байрны дарамт, хүчирхийллийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжтой хэмээн зөвлөж байлаа.
Тус ажлын хэсгийнхэн Төв аймгийн хувийн хэвшлийн салбарын вакум цонхны үйлдвэр Титан Юни Тэх ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Ковидын нөхцөлд үйлдвэрлэл эрхлэхэд гарч буй хүндрэл, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний талаар санал солилцож зөвлөн туслав.
Үргэлжлүүлэн тус аймгийн нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл болсон 20 хүнд Хөдөлмөрийн хүрээн дэх дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцийн талаар сургалтыг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн танхимд хийлээ.
Сургалтын эхэнд Төв аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа нар нээлтийн үг хэлж, үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа МҮЭ-ийн холбооны өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар, “Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцийн агуулга” сэдвээр ҮЭ-ийн ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг, харин “Ажлын байранд түгээмэл гарч байгаа байгаа зөрчил, дутагдал, анхаарах асуудал хэрэгжилт”-ийн талаар МЭМАҮЭХолбооны дарга Б.Мягмар нар тус тус мэдээлэл хийсэн юм.
Мөн энэ үеэр хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, түүнийг шийдвэрлэх арга замын талаар түншлэгч талуудын байр суурь, мэдээллийг Төрийн Албаны Салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл, Төв аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун нар танилцууллаа.
Түүнчлэн түншлэгч талууд цаашид сум орон нутгийнхаа хэмжээнд хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн эсрэг хамтран хэрэгжүүлэх, авах арга хэмжээний чиглэлээ хэлэлцэн баталснаар энэ удаагийн сургалт, сурталчилгааны мэдээллийн ажил амжилттай өндөрлөлөө.