2011 оны өнгийг тодорхойлох СОНГУУЛИУД
2010.12.29

2011 оны өнгийг тодорхойлох СОНГУУЛИУД

Судан: Бүх нийтийн санал асуулга

(Нэгдүгээр сарын 9)


Хагас автономит эрхтэй Өмнөд Судан өнөөгийн нэгдсэн Суданы хэсэг хэвээр байх эсэхээ энэ санал хураалтаар шийднэ. 2005 онд батлагдахдаа өмнөд, умардын хооронд 22 жил үргэлжилсэн иргэний дайныг төгсгөсөн энхийн тунхагийн гол заалт нь бүх нийтийн санал асуулга явуулах тухай байсан юм. Олны удаан хүлээсэн санал асуулгаар өмнөд суданчуудын дийлэнх нь тусгаар тогтнолын төлөө нэгдэх нь бараг л тодорхой болоод буй. Энэ нь дэлхийн тусгаар орны тоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ бүх зүйл амар тайвнаар шийдэгдчихгүй.


Дүн нь ямар байхаас үл шалтгаалан санал асуулга Суданыг дахин үймсэн нутаг болгоно гэж зарим ажиглагч эмээж байна. Тус улсын газрын тосны нөөцийн ихэнх хувь өмнөд, умардын хил орчимд байдаг нь олныг түгшээж байгаа юм. Ерөнхийлөгч Омар Хассан аль-Баширын саяхны мэдэгдэл мөн нийтийн анхаарлыг татав. Загалмайтны болон нутгийн уугуул шүтлэгт өмнөд тусгаар улс болбол Хартум исламын чанд хатуу цэг шариат хуулийг төрийн хууль болгохоо мэдэгдсэн юм.

Гаити: Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат

(Нэгдүгээр сарын 16)

Долоон баллын хүчтэй газар хөдлөлт, булчин задрах тахал, улстөрийн үймээн самуун гээд бөмбөрцгийн хамгийн ядуу орны хувьд энэ он хатуухан жил байлаа. Гаитийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөрөгч арваннэгдүгээр сарын 28-нд болсон. Туйлдсан орныг өндийлгөнө гэж олон хүний найдаж байсан энэ сонгуулийг эвч үймээн самуун залгасан юм. Сонгуулийн хоёр дахь шатанд Жүд Целестин, тэргүүн хатагтай асан Мирланде Маниат, поп дуучин Мишель Мартелли нар өрсөлдөнө.

Эхний санал хураалтаар авсан саналынхаа хувиар гуравт орсон Шартелли хоёр дахь шатны сонгуульд анхны 19 нэр дэвшигч бүгд дахин оролцох ёстой гэсэн. Тэглээ ч Гаитийн улстөр өөдөлнө гэдэгт олон нийт найдахгүй байна. Тус улсын түүхэнд улстөрийн 34 эргэлт болсон нь дунджаар зургаан жилд нэг удаа гэсэн үг.

Нигери: Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль

(Нэгдүгээр сарын 13, дөрөвдүгээр сарын 9)


Жилийн өмнө Нигери Улсын төрийн эрх хэний Гарт байсныг ойлгох хүн үгүй байв. Ерөнхийлөгч Умару Яар'Адуа Саудын Арабад эмчлүүлж байх зуур орыг нь түр орлогсод Ерөнхийлөгчийн хүрээллийнхэнтэй зөрчилдөх болсон. Яар'Адуаг тавдугаар сард нас барсны дараа л Нигерийн засаглалын хямрал дуусч, төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Гүдлак Жонатан албан ёсоор Ерөнхийлөгч болсон юм.Өдгөө тэрбээр эрх баригч Ардын ардчилсан намаас баталсан журамтай эвлэрэх хэрэгтэй болоод байна.

Журмын дагуу тус намаас сонгогдсон төрийн тэргүүн хоёр, хоёр жилээс өмнөдийн болон умардын уугуул хэмээн ээлжлэх ёстой. Яар'Адуа умардын уугуул бол Г.Жонатан өмнөд нутгийнх. Тиймээс хойд нутгийн уугуул нэр дэвшигч ирэх сонгуулиар тодрох нь гарцаагүй. Дэд ерөнхийлөгч асан Атику Абубакар ялагч болох хамгийн өндөр магадлалтай гэгдээд байна. Мөн олон улсад нэр хүндтэй, тус улсын Авлигатай тэмцэх хорооны тэргүүн асан Нуху Рибаду олны дэмжлэгийг хүлээх нь дамжиггүй. Гэхдээ будлиантай сонгуулиудаараа "алдартай" Нигери сөрөг хүчнийхнийг засаглалын индрээс холдуулсан хэвээр байх болов уу.

Зимбабве: Парламентын сонгууль

(Тавдугаар сар)

2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Зимбабвейн гол сөрөг хүчин Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөний тэргүүн Морган Цвангирай үнэмлэхүй олонхийн санал авсан ч Ерөнхийлөгч Роберт Мугабе гурван арван жил болсон зөөлөн суудлаасаа буухыг хүсээгүй юм. Нийтийг хамарсан үймээн, олон улсын шүүмжлэл туйлдаа хүрсний эцэст Р.Мугабе залуу өрсөлдөгчөө Ерөнхий сайдаа болгосон.

Гэвч тэдний үл ойлголцол, зөрчил үргэлжилсээр байгаа.Ирэх зургадугаар сард Р.Мугабе дахин нэг сорилттой тулгарах, нь парламентын сонгууль юм. 86 настай Ерөнхийлөгч М.Цвангирайг сонгуулиар далимдуулан өөрөөсөө холдуулахыг зорьсон нь мэдээж. Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөнийхөн шинээр сонгууль явуулах шаардлагагүй гэж мэдэгдсээр буй. Сонгууль улс орныг нь дахин бужигнуулна гэх тэдний айдас үнэний ортой.

Турк: Парламентын сонгууль

(Долдугаар сар)


Тус улсын парламентын сонгууль ердийн сонгууль гэхээсээ эрх баригч Шударга ёс, хөгжлийн намд итгэлхүлээлгэх эсэх бүх нийтийн санал асуулгатай илүү төстэй болно. Төрийн эрхийг найман жил барьсан уг нам эдийн  засгийн тогтвортой хөгжлийн дүнд олны дунд нэр хүндээ алдаагүй. Гэсэн ч ирэх сонгуулиар сонгогчид шинэчлэл хүсч байгаагаа тун илэрхий илтгэж мэдэх юм. Эрх баригчийн байр сууриа алдахгүй юм гэхэд Режеп Таийп Эрдоганы нам эвсэл бүрдүүлэхээс аргагүйд хүрч магадгүй.Шударга ёс, хөгжлийн нам гол сөрөг хүчин Ардын бүгд найрамдах намд парламентын цөөнгүй суудлаа алдах нь гарцаагүй ч Эрдоган амар бууж өгөхгүй нь мэдээж. Ирэх онд парламентын сонгуульд сүүлийн удаа өрсөлдөхөө мэдэгдээд байгаа тэрбээр Ерөнхийлөгч Абдулла Гюлийн халааг залгахаар санаархаж байж мэдэх юм.

Египет: Ерөнхийлөгчийн сонгууль

(Есдүгээр сар)

Гуч гаруй жил засгийн эрхэнд суусан Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак одоо 82 настай ч ирэх сонгуулиар эрх мэдлээ лав шилжүүлэх шинжгүй. "Сүүлийн амьсгал, эцсийн цус хүртлээ" улсаа удирдана гэж нэгэнтээ хэлсэн тэрбээр сүүлийн хэдэн жил чилээрхсэн ч ихэнх ажиглагч түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Каирын эрх баригчдын хэлснээр олон нам оролцсон тус улсын анхны сонгуулиар буюу 2005 онд Х.Мубарак дахин сонгогдсон ч санал хураалт шударга явагдаагүй гэх маргаан нутгийн зарим хэсэгт  өнөө ч намжаагүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон парламентын  сонгууль ч мөн хэл амтай болсон.

Сөрөг хүчний онцгойлох нэр нэр дэвшигчгүй ирэх сонгуульд Х.Мубарак өөрөө биш юм гэхэд гэр бүлийнхэн нь анхаарлын төвд байх нь. Ерөнхийлөгчийн намаас өнгөрөгч сард мэдээлснээр Х.Мубарак өөрөө сонгуульд өрсөлдөхгүй гэвэл өөрийн хүнийг сонгох гэнэ. Уг мэдээлэлтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн хүү Гамал аавынхаа "адислал"-тайгаар олныг хамарсан уулзалт, цуглаан зохион байгуулж эхэлсэн. Ахмад Мубарак дахин сонгогдсон ч төрийн ажлыг бие нь хүчрэх эсэх нь тодорхойгүй.

Аргентин: Ерөнхийлөгчийн сонгууль

(Аравдугаар сар)

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандез де Кирчнер 2007 онд Ерөнхийлөгч нөхрийнхөө орыг залгаж төрийн тэргүүн болсон. Нестор Кирчнер ард олонд хүндтэй улстөрч байсан бөгөөд эхнэрийнхээ эхний бүрэн эрхт хугацааг дууссаны дараа дахин улсын удирдагч болж магадгүй тухайгаа ярьж байв. Гэвч өнгөрсөн аравдугаар сард Н. Кирчнер зүрхний шигдээсээр өөд болж, удирдагч хосын төлөвлөгөө хэрэгжихээргүй болсон юм.Латин Америкийн Хиллари Клинтон гэгддэг хатагтай Кирчнер засгийн эрхийнх нь ард нөхөр нь байгаа гэх олны таамаглалыг няцаадаг байсан ч нөхөр нь засаглалынх нь гол хөдөлгөгч хүч байв. Харин Н.Кирчнер үгүй болсон энэ үед Кристина Кирчнерийн улстөрчийн замнал цаашид хааш хөтлөгдөх нь тодорхойгүй байна. Тэрбээр ирэх намрын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ ч илэрхийлээгүй байгаа. Аргентины эдийн засаг хос Кирчнерийн эрин эхлэхтэй зэрэгцэн онцгой хурдаар сэргэсэн. Гэхдээ Кристина хатагтай санхүү, эдийн засгийн асуудалд гойд анхаарал хандуулаагүй бөгөөд нөхрийнхөө бодлогод гар бараг л хүрээгүй юм. Тиймээс ирэх сонгуульд эдийн засгийн асуудал голлох сэдэв байх нь дамжиггүй.

Польш: Парламентын сонгууль

(Аравдугаар сар)

Ерөнхийлөгч Лех Качиньски тэргүүтэй Польшийн улстөр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд ОХУ-ын нутагт өнгөрсөн дөрөвдүгээр сард онгоцны ослоор өөд болсноос хойшхи тус улсын парламентын анхны сонгууль ирэх оны сүүлээр болно. Дэлхий дахиныг цочроож, польш түмнийг нэгтгэсэн гэнэтийн эмгэнэлт явдлаас хоёрхон сарын дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар барууны үзэлт Иргэний индэр намын нэр дэвшигч Бронислав Коморовски улсын тэргүүн болсон бол арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар уг намын байр суурь улам батажсан.Сүүлийн хэдэн жилд олон улсыг хамарсан санхүү, эдийн засгийн хямралд нэрвэгдэлгүй үлдсэн Европын цорын ганц улс Польш энэхүү амжилтаа өнгөлсөөр байхыг чухалчилж байгаа. Чухамдаа эдийн засгийн асуудал ирэх сонгуульд Варшавын албаныхныг хөдөлгөнө.

Иргэний индрийнхэн болон Ерөнхий сайд Дональд Тускийн хувьд гол шалгуур талийгаач Ерөнхийлөгчийн ихэр дүү, Ерөнхий сайд асан Ярослав Качиньски байх болно. Зургадугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд Коморовскид ялагдахдаа Я.Качиньски "Энэ сонгууль парламентын сонгуульд бэлтгэх гол бие халаалт" боллоо гэсэн юм.

ОХУ: Парламентын сонгууль

(Арванхоёрдугаар cap)


Сөрөг хүчний нам, эвслүүд Ерөнхий сайд Владимир Путийий Нэгдсэн Орос намын хүчийг яагаад ч сулруулж дөнгөдөггүй ОХУ-д аливаа сонгууль ойртоход "Хэн ялах вэ" биш "Хэдэн хувиар ялах вэ" гэдэг гол асуулт байдаг. Төрийн Думын 75 хувьд гишүүдээ суулгасан тус нам энэ онд ган гачиг, хээрийн түймэр гээд олон хүндхэн шалгууртай тулгарсан ч олонхийг нь муугүй давсан.В.Путин жилийн дараахь парламентын сонгуульд Нэгдсэн Орос намын кампанит ажилд хэр идэвхтэй оролцох нь мөн олны анхаарлыг татаж байна. Гэхдээ парламентын сонгуулийн дүн гарсны дараахан В.Путин 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ зарлах уу, үгүй юу гэдэг нь ажиглагчдын харцыг Орос алтан Москва уруу хамгийн их татаж буй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.