ЭЗБХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ
2020.08.19

ЭЗБХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.18) хуралдаан 09 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Эхлээд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж хуульчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэн баталсан. Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсын хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хамт 5 жилээр тус тус батлан хэрэгжүүлэхээр болсон. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.

Уг үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хамтад нь боловсруулсан байна. Энэхүү санхүү, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт санхүүжилтийн эх үүсвэр  шийдэгдсэн 47,2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 149 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн. Харин санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай 16,4 их наяд төгрөгийн өртөг бүхий  77 төсөл, хөтөлбөр болон техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл боловсруулах шаардлагатай 74 төсөл, арга хэмжээний жагсаалтыг аль болох хүрэх үр дүнг нь харгалзан тусгасан. Эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн ач холбогдол бүхий МЕГА төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлнэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дурдлаа. 

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл байдал бий болох юм.

Ирэх таван жилд хүний хөгжлийн үзүүлэлт 0.77 хувь, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хамрагдах сургалтын цэвэр жинг 89.4 хувь, суурь боловсролын хамаарах сургалтын цэвэр жинг 95.9 хувь, хүн амын дундаж наслалтыг 74 хувь, ядуурлын түвшинг 20 хувьд тус тус хүргэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг 58 хувь, бизнес эрхлэлтийн үзүүлэлтийг 70, цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг 0.64 хувь, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг “Евро5” стандартад нийцүүлэн дотоодоос хангах асуудлыг 80 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Жавхлан, Х.Булгантуяа, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Б.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гишүүд Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэлийг урт хугацаагаар төлөвлөж байгаа нь ахицтай ч өмнөх алдаанаасаа суралцаж, тунхагийн шинжтэй баримт бичиг болохоос сэргийлэхийг сануулж байв.

Түүнчлэн дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гэр хорооллыг байшин хороолол болгох, иргэдийг ажлын байр орлоготой болгох, үйлдвэрлэлийг дэмжих, банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх, баялгийн менежментийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихийн тулд салбар бүрт төрийн оролцоог нарийвчлан тогтооход чиглэсэн арга хэмжээнүүд төсөлд туссан талаар асууж, хариулт авлаа. 

Зөвхөн улс төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 72 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгохоор тооцсон. Таван жилийн хугацаанд эдийн засгийг сэргээн төрөлжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн 100 гаруй төсөл хэрэгжүүлнэ. Гэхдээ үүнийг салбар хоорондын бодлогын хүрээнд нэгтгэх шаардлага бий.  Эдийн засгийн өсөлтийг хүний хөгжлийн бодлоготой уялдуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохист харилцааг хангахад анхаарсан.

Дэд бүтэц бага байдаг учраас Улаанбаатар хотын газрын үнэ өсдөг асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Ипотекийн зээлээс гадна түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Иргэдэд түрээслээд өмчлөх зорилготой "Солонго 1, 2" хороолол, "Ногоон нуур" төслийг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан хамгийн гол асуудал болох дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдэхэд  анхаарч ажиллаж байгаа. Ингэхдээ дулаан, эрчим хүчний хэрэглээг хангах үүднээс өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийхээр салбарыг яамд хамтран ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэллээ. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулахаар боллоо.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсөл талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

“Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоогүй их хэмжээний хохирол учруулж улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4 өөс -6 хувьд хүрэхээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байна.

Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан, төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг далайцтай нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэж байна” хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Х.Ганхуяг, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганибал, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм.

Мөчлөг сөрсөн, эдийн засгаа тэлсэн бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг хэлэх гишүүн байсан бол төсвийн алдагдал өндөр байгаагаас шалтгаалж зээлжих зэрэглэл болон гадны хөрөнгө оруулалт дээр үүсэж байгаа олон асуудлыг хэрхэн тайлбарлах талаар тодруулав.

Зээлжих зэрэглэлийн хувьд Монгол Улс өнгөрсөн хугацаанд хоёр удаа төлөвөө сайжруулаад “В” тогтвортой зэрэглэлд байж байна. Одоогоор зэрэглэл буурах асуудал байхгүй. Сангийн яамны хувьд зэрэглэл тогтоодог үндсэн гурван том байгууллагатай нягт хамтран ажилладаг. Төсвийн алдагдал дэлхийн бүх улс оронд нийтлэг үүсэж байгаа асуудал болж байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гэнэт үүссэн, богино хугацааны асуудал гэж харж байна. Олон улсын валютын сантай шинэ хөтөлбөрийн талаар ярилцаж байгаа. Энэ шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл хөрөнгө оруулагч нарыг татах таатай орчин бүрдэх боломжтой гэдгийг Сангийн яамнаас хариулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэл болон аудитын дүгнэлтийг хэлэлцлээ

Дараа нь Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний Аудитын газраар аудит хийлгэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар танилцуулсныг дурдав. 

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувьтай тэнцсэн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга нарын багцын нийт 147 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргалаа.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч нарын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 550.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 7.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 474.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 29 хувь буюу 160.5 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 43 хувь буюу 235.6 тэрбум төгрөгийг Зам тээвэр, хөгжлийн сайд, 6 хувь буюу 35.5 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 19 хувь буюу 105.1 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 3 хувь буюу 13.5 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын зардалд зарцуулсан.

Улсын төсвийн 543.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 10.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэдгийг танилцууллаа.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.10, 8.10.2, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан Үндэсний Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.

Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайд,  Санхүүгийн зохицуулах хорооны дарга,  Үндэсний статистикийн хорооны дарга нар тус тус “зөрчилгүй” гарсан бол Зам тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт гарчээ.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 8 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 2 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 1 санхүүгийн тайлан хязгаарлалттай, 5 санхүүгийн тайланд зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 3.8 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 2 тэрбум төгрөгийн 4 алдааг аудитын явцад залруулсан. Харин 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт тогтоож, 0.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах хоёр албан шаардлага өгч, 0.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 28 зөвлөмжийг өгсөн байна.

Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 56 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 2 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 9 санхүүгийн тайланг түүвэрт хамруулсан. Мөн 9 санхүүгийн тайлан хязгаарлалттай, 35 санхүүгийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн бол 1 санхүүгийн тайлан аудитад хамрагдаагүй байна. Аудитаар 109.7 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 82.1 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд 21 төлбөрийн акт тогтоож, 6.8 тэрбум төгрөгийн зөрчил арилгах 39 албан шаардлага өгч, 20.7 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 162 зөвлөмжийг хүргүүлжээ. Өмнөх жилийн аудитын илрүүлэлттэй харьцуулахад нийт алдаа, зөрчил 9.7 тэрбум төгрөгөөр буурчээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 23 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 3 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 4 тайланд хязгаарлалттай, 16 санхүүгийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн байна. Нийт 3.0 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 791.1 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.5 тэрбум төгрөгийн зөрчилд 7 төлбөрийн акт тогтоож, 26 тэрбум төгрөгийн зөрчил арилгах 26 албан шаардлага өгсөн. Мөн 2.2 их наяд төгрөгийн алдааг арилгах, давтан гаргахгүй байх 76 зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнөх онтой харьцуулахад 2.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 33 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 1 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 3 тайланд хязгаарлалттай, 29 санхүүгийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 1 их наяд 73 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс 1 их наяд 59.6 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 5 төлбөрийн акт тогтоож, 4.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 23 албан шаардлага, 8.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 115 зөвлөмжийг хүргүүлсэн байна. Энэ нь өмнөх жилийн аудитын илрүүлэлттэй харьцуулахад нийт алдаа, зөрчил 934.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайлан аудитаар зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 1.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 1.1 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 6 зөвлөмж хүргүүлсэн байна. Энэ нь өмнөх жилийн аудитын илрүүлэлттэй харьцуулахад алдаа, зөрчил 1.1 тэрбум төгрөгөөр өсчээ. 

Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 23 байгууллага, нэгжийн тайлан нэгтгэгдсэнээс 6 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 2 санхүүгийн тайланг түүвэрт хамруулсан. 15 санхүүгийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 280.5 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 92 сая төгрөгийн алдааг залруулж, 0.7 сая төгрөгийн алдаа, зөрчилд 2 төлбөрийн акт тогтоосон. 65.1 сая төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах 4 албан шаардлага, 13 зөвлөмжийг хүргүүлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад алдаа, зөрчил 98.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал, М.Оюунчимэг, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ.

Ингээд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсноор хуралдаан өндөрлөлөө.