Сицилийн мафи салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байна
2011.01.28

Сицилийн мафи салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байна

Орчин үед нийгмийн үнэт зүйлсийн тоонд мэдээж экологийн асуудал ордог. Байгаль орчноо хайрлан хамгаалж, экологид аюулгүй бүтээгдэхүүн, тухайлбал эрчим хүч үйлдвэрлэхээс илүү ариун, нандин зорилго гэж баймгүй мэт. Гэтэл манай гарагийн хамгийн цэвэр, ариун зүйлсийн нэг болох сэргээгдэх эрчим хүчид мафи хөрөнгө оруулж эхэлжээ. Нөгөө хар тамхи, янхандалт, хүний наймаагаар орлого олдог, бас өндөр албан тушаалтнуудад авлига өгдөг гэмт бүлэглэлүүд шүү. Итгэхгүй байна уу? Мафийн тэмтрүүл хүрээгүй эрхэм, ариун юм үнэхээр энэ хорвоод үлдсэнгүй гэж үү?


“Telegraph.co.uk” сайтын сэтгүүлчдийн баталж буйгаар Италийн мафийнхан авлигад идэгдсэн төр засгийнхаа өндөр албан тушаалтуудтай бат бөх холбоо тогтоож, тус улсын салхины хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг салбарт ноёрхлоо тогтоожээ. Ер нь энэ салбар капиталаа оруулах хамгийн зохистой, ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэр юм.


Яагаад гэвэл Итали болон Европын холбооны улсууд нь экологийн “цэвэр” эрчим хүчийг хөгжүүлэхээр ажилладаг байгууллагуудад олон тооны хөнгөлөлт, тэтгэмж, хөнгөлөлттэй зээл олгодог аж. Энэхүү эрчим хүч Европыг хангахаас гадна өөр бас давуу талтай. Тус тивийн орнуудын эдийн засаг нь ОХУ, Саудын Арабын нүүрстөрөгчийн эрчим хүчний нөөцийн нийлүүлэлтээс хамааралтай байдаг билээ. Харин энэ хамаарлыг багасгахад салхины эрчим хүч гол үүрэг гүйцэтгэдэг аж. Сүүлийн жилүүдэд Европын холбоо сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд 5 тэрбум евро зарцуулсан нь үүний баталгаа.


Италийн мафийн бааз хэмээгдэх Сицилийн арлын тухай сонсоогүй хүн үгүй биз ээ. Хүн бүхний мэдэх Корлеон хотод очиж үзсэн хүмүүс үнэхээр гайхалтай дүр зургийг хардаг. Усан үзмийн тариалан, оливын модны цэцэрлэг болон суурин тосгодын дээгүүр тоо томшгүй олон салхин сэнс жирийн үзэгдэнэ. Маш үзэсгэлэнтэй, гоё.


”Өнөөдөр салхины цахилгаан станцууд шиг асар ашиг орлого авч ирдэг бизнес алга” гэж экологч Эдуардо Занчини ярьж байна. Тэрбээр мафийнхан хэрхэн экологийн үйлдвэрлэлд нэвтэрч байгааг мөрдөж байгаа аж. Яагаад гэвэл мафи өндөр ашиг орлого өгөх бүхнийг мафи сонирхдог нь жам билээ.


Итали бол гэмт хэргийн ертөнцийнхний ногоон үйлдвэрлэлийн “амтат бялуу”-нд анхаарлаа хандуулсан Европын холбооны цорын ганц улс биш. Цэвэр энергийн тусламжтайгаар мөнгө угаадаг схем олон оронд тодорхой болж байна. Испанид бүр шөнийн цагаар нийтийн цахилгаан сүлжээнд эрчим хүч нийлүүлдэг нарны цахилгаан станцыг олж илрүүлжээ. Нарны энэ цахилгаан станцын дизель генераторууд шунахай бизнесмэнүүдийн халаасанд маш ашигтай тарифаар мөнгө “шахдаг” байсныг мөрдөлт тогтоож чаджээ.


Гэхдээ эко үйлдвэрлэлийн салбарт авлига, хээл хахуулийн тал дээр Итали улс тэргүүлсээр. Энэ тийм ч гайхалтай баримт биш. Учир нь Засгийн газар салхины эрчим хүчний нэг киловатт-цагийн орох үнийг 180 евро гэж баталгаа өгдөг. Энэ бол дэлхийн цахилгаан энергийн салбарт хамгийн өндөр үнэ юм. Энэ нөхцөлд гэмт бүлэглэлүүдийн толгойлогчид төрийн авлигачин түшмэдийн хамт “ханцуй шамлан” тус салбарт орохоос яах вэ. Ийнхүү мафи бохир мөнгөө “цэвэр” эрчим хүч болгон угааж, үүний зэрэгцээ үлгэрт гардаг шиг үлэмж их хэмжээний ашиг орлого хүртэж байна.


Сицилийн эгэл жирийн иргэд экологийн шинэ “наймаачид”-ыг “Салхины лордууд” (lords of the wind) гэж нэрлэдэг. Салхины фермүүд ямар ч норм стандартгүй баригдаж, улам бүр олширч байгаад нутгийн оршин суугчид ихэд дургүйцэж байна.


Орчин үед эко мафи (Eco mafia) хэмээх шинэ нэр томъёо сициличүүдийн хэл ярианд орж иржээ. Энэ мафи одоогоор салхины 30 ферм барьчихсан бөгөөд дахин 60-ыг барихаар төлөвлөж байна.


Италийн цагдаа улсынхаа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг эко гэмт хэргүүдийг илрүүлэх тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Саяхан явуулсан “Eolo” (Aeolus бол эртний Грекийн салхины бурхан) ажиллагааны дүнд цагдаагийнхан 8 түшмэлийг саатуулжээ. Тэднийг тансаг машин, мөн 30 000-70 000 еврогийн хахууль авсан хэрэгт сэжиглэж байна. Дашрамд дурдахад Италийн цагдаагийнхан өөрсдийн ажиллагаануудад үнэхээр өвөрмөц, содон нэр бодож олдог. Тэд 15 хүнийг баривчилсан өөр нэг ажиллагаагаа “Салхинд туугдагсад” гэж нэрлэжээ. Яагаав, ийм нэртэй Холливудын маш алдартай кино байдаг даа. Байгалийн салхийг ашиглан Европын холбооны сангаас 30 сая еврог хулгайлахыг оролдсон сэжигтнүүдийн дунд Италийн Салхины энергийн Үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч Оресте Вигорито өөрөө байсан гээд бод доо. Үнэндээ тэр “Би салхиар мөнгө хийх гээгүй. Энэ хэрэгт огт хамаагүй” хэмээн өөрийгөө өмөөрч, дээрх мэдэгдлийг няцааж байгаа юм.

Салхины энергид хөрөнгө оруулах нь маш ашигтай учраас мафийнхан өөрсдийн бохир капиталыг “чин үнэнчээр” цэвэр энергид оруулсаар байна. Мафийн зарим нь салхины цахилгаан станц барих лиценз худалдаж аваад, түүнийгээ хууль ёсны компаниудад дамжуулан зардаг аж.


Сэргээгдэх эрчим хүчний салбарын энэ бүх дуулианыг үл харгалзан орон нутгийн иргэд нэг их эсэргүүцлийн ажиллагаа явуулдаггүй. Энэ нь бас л мөнгөтэй холбоотой. Салхин сэнсний генератор байрлуулсны төлөө мафийнхан нутгийн иргэд, фермерүүдэд газрын түрээс гэж хангалттай төлдөг аж. Иймээс эндхийн оршин суугчид ургацдаа санаа зовж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах гэж гүйх хэрэггүй болжээ. Нөгөө талаас нутгийн иргэд эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн замд хөндөлсөхөөс мэдээж айдаг.


Сицилийн бизнесмэн Никола Ангело “Гэртээ суугаад түрээсийн төлбөр гэж ганц жилд 10 000 евро авч болж байхад би яах гэж үүр цүүрээр босч, талбайгаа хагалж боловсруулан, дараа нь бараагаа хэрхэн зарах вэ толгойгоо гашилгах шаардлагагүй” гэж ярьж байна.


Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний салбарт нэг иймэрхүү гажуудал ажиглагдаж эхэлжээ. Гэгээн зорилготой, ирээдүйтэй шинэ санааны цаана татвар төлөгчдийн мөнгө ийнхүү авлигад идэгдсэн төрийн түшмэд, эрүүгийн элементүүдийн халаасанд урсан орсоор. Гэхдээ энд сэтгэл тайвшруулах нэг юм бий. Ямар ч гэсэн тэд эдгээр цахилгаан станцыг барьснаар улс орондоо “цэвэр” энерги өгч, олон ажлын байрыг шинээр бий болгож байгаа.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.