2010.12.06

Хөрсний дулаанаар агаарын бохирдлыг шийдэж болно

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газар, "Мон-Угсралт" ХХК хамтран Төв аймгийн Зүүндэлгэр багийн сургууль, цэцэрлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн барилгуудыг хөрсний гүний дулаанаар халаах ажлыг улсын төсвөөр хийж байна. Эхний ээлжинд цэцэрлэгийн барилгын халаалтыг шийдэж, энэ сарын 3-ны өдөр хүлээлгэн өгсөн юм. Нээлтэд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дондог, Ш.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван зэрэг бусад төлөөлөгч оролцлоо. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ж.Осгонбаатар "Зүүндэлгэр багийн "Ирээдүй" цэцэрлэгийн газарт гүний дулааны насосыг суурилуулах ажил дууслаа. Энэ нь гүний дулааныг насосоор дамжуулж, дулааны эрчим хүч болгон ашиглах өртөг, технологийн ашиглалтын зардал бага төхөөрөмж юм. Цаашид орон нутаг, сум сууринд энэ технологийг ашиглах бүрэн боломжтойг туршилт харууллаа" гэж ярилаа. Цэцэрлэгийн барилга 1100 орчим м2 талбайтай бөгөөд 50-60 хүүхэд сургах хүчин чадалтай аж. Зуунмодын цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн дулаанд жилд 170 тн нүүрс зарцуулж, агаар мандлыг 150 гаруй кг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулж байжээ. Харин газрын дулааныг ашигласнаар энэ зардал 5-10 дахин буурна гэж үзэж байна.

ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван "Сэргээгдэх эрчим хүчний нэгэн эх үүсвэр болох газрын гүний дулааныг орон нутагт ашиглах анхны загвар бэлэн боллоо. Бид энэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэж сүүлийн хоёр жил шаргуу ажилласан. Аливаа байгууллага жилийн зардлын ихэнх хэсгийг халаалтад зарцуулдаг. Энэ байдлыг халж, газрын гүний дулаанаар Зүүндэлгэр багийн цэцэрлэгийг халааж эхэллээ" гэж ярьсан юм.

Дулааны насосны онцлог нь газрын хөрсний тодорхой хувьд жилийн турш оршдог дулааныг ашиглан, 34 квт дулаан гаргахын тулд 1 квт эрчим хүч хэрэглэх юм байна. Герман, Швейцарийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ. Анх 2007 онд Түлш эрчим хүчний яамны төлөөлөгчид, дээрх технологийг судлахаар Исланд руу явсан байна. Удалгүй "Монголын газрын гүний насосны нийгэмлэг"-ийг байгуулж, АНУ-ын Оклахамагийн Их сургуульд төвтэй "Олон улсын газрын гүний дулааны насосны нийгэмлэг"-т гишүүнээр элсэж, монголын инженер техникийг сурган бэлтгэх, ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Шадар сайд М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-2010 оны улсын Tөcвөөрэхний ээлжинд Зүүндэлгэр багийн "Ирээдүй"цэцэрлэгийнбарилгынхалаалтыг хөрсний дулаан ашиглан шийдвэрлэлээ, Үүний үр дун нь хэр байх бол?

-Халаалтын байгууламжийг бүхэлд нь шийдэх болоогүй байна. Нүүрс түлж, усан халаалтын зуухаар халаадаг уламжлалт арга нь ихээхэн хэмжээний нүүрс, шатахуун, зардал гаргаж, мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм уурын зуухны ашигт үйлийн коэффицент бага, шаталт муу, гар ажиллагаа ихтэй, хөдөлмөрлөх нөхцөл хангалтгүй зэрэг олон сул талтай. Энэ нь төр засгийн анхаарлыг ихээр татаж байгаа. Харин хөрсний дулааныг ашиглах аргыг өнөөдөр Европын хөгжилтэй улс орнууд нэлээд өргөн хэмжээгээр хэрэглэж байна. Дулааны     насосны гүйцэтгэлийн коэффицент 2.91 байгаа нь жилд 137 мянган квт эрчим хүч хэмнэх боломж юм. Энэ төхөөрөмж нь 15-20 жилийн хугацаанд ямар нэгэн засвар хийхгүйгээр, өөрөө шууд автоматаар дулаанаа тохируулдаг.

Цаашид үүнийг бусад орон нутагтхэрэгжүүлэх үү?

-Сум суурингийн халаалтад шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний гол үүсвэр болох газрын гүний дулааны насос ашиглах боломжийг судалж, төрөлх нутаг Төв аймагтаа анхны туршилтыг амжилттай хийлээ. Цаашид бусад аймаг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Тиймээс ирэх жил сумдын түвшинд туршиж үзэх нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзсэн.

-Тэгвэл ирэх оны улсын төсөвт сумдад дулааны насос нэвтрүүлэх зардлыг оруулсан гэсэн үг үү?

-2011 оны төсвөөр Төв аймгийн Эрдэнэ сумын байгууллагуудыг газрын халаалтын системээр бүрэн хангах ажлыг хийхээр төлөвлөж байна. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг орны хувьд газрын хөрсний дулааныг ашиглах нь их  ач  холбогдолтой.  Улсын төсвийн зардлын нэлээд хувийг дулааны зардал эзэлдэг.

-Газрын дулааныг ашиглах тоног төхөөрөмжийг суулгах мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэсэн бэ?

-Бид үүнийг европын хэд хэдэн оронд судласан. Суурилуулах бүх тоног төхөөрөмжийг Швейцарийн эрдэм шинжилгээний байгууллага, ХБНГУ-ын мэргэжилтнүүд, өнгөрсөн сард ирж тохируулсан гэлээ. "Ирээдүй"        цэцэрлэгт 100 метрийн гүнтэй, 24 цооног өрөмдөж, түүнд дулаан дамжуулах хуванцар хоолойнуудыг суулгаж, 90 квт-ын хүчин чадалтай дулааны насосыг суурилуулсан байна. Дээрх гурван байгууламжид дулааны насос суурилуулахын тулд 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат "Агаарын бохирдлын асуудал Зуунмод хот төдийгүй бусад аймаг, суманд тодорхой хэмжээгээр илрэх болсон. Энэ байдлаас гарах нэг арга нь газрын гүний дулаанаар барилгыг халаах асуудал юм. Энэ туршилтыг манай аймгаас эхлүүлж, дараа жил Эрдэнэ суманд үргэлжлүүлэх болсонд талархаж байна" гэж ярилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.