Л.Гантөмөр гишүүний саналыг дэмжлээ
УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцээ. Хуралдааны эхэнд Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг хэлэлцсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл хийсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаснаа уламжилсан юм. Эдгээр хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Үүний дараа Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ нь УИХ-ын гишүүн А.Тлейхан, Н.Батбаяр нарын 12 гишүүдээс өргөн мэдүүлсэн Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төсөл байв. Үүнийг өнгөрөгч лхагва гаригт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх нь Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцох, төгрөгт шилжүүлэн шинээр гэрээ байгуулах саналыг гаргаж байсан бөгөөд чуулганы үеэр ч гишүүд энэ талаар хөндөж байлаа.
Дээрх асуудлуудаас гадна УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн гаргасан санал гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Энэ нь нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг бүрэн шинэчилж, цахилгааны цахилгааны үнийг өвлийн улирлын шөнийн цагаар "0" төгрөгт шилжүүлэх талаар үндэсний бодлого боловсруулах гэсэн санал байв. Гишүүн Л.Гантөмөрийг санал хэлсний дараа Д.Энхбат гишүүн түүний саналыг дэмжиж байгаагаа хэлээд дэлхийн хамгийн хүйтэн бөгөөд хамгийн их нүүрстэй улс нь манай орон. Тиймээс иргэдэд өгч байгаа cap бүрийн 21 мянган төгрөгийг эрчим хүчний асуудлыг шийдэхэд зориулах хэрэгтэй хэмээв. Тэрээр мөн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нь бараг биелэхээргүй өртөг өндөртэй. Харин түүний оронд утааг багасгах гэж байгаа бол цахилгаанаар халдаг, хямд өртөгтэй арга замыг сонгох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Харин Ц.Нямдорж гишүүн хоёр жилийн өмнө нисдэг тэргээр нийслэлийн дээгүүр ниссэн тухайгаа дурсав. Тухайн үед ийм их гэр хороололтой, тэдгээр нь бүгд түүхий нүүрс түлдэг учир утааг багасгана гэдэг бол бүтэшгүй зүйл хэмээн бодож байж. Харин Л.Гантөмөр гишүүний санал ажил хэрэг болбол нийслэлийн утаа үлэмж багасч чадна. Харин ингэхийн тулд зориг гаргаж, хүчээр өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээлээ.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа. Гишүүн Г.Баярсайхан, Я.Батсуурь нар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж өөрчлөхийн эсрэг саналтай байгаагаа илэрхийлж байв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс хойш үргэлжилсэн чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулж гишүүдийн асуултад хариу өгөв. Манай улс 2005 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулиа баталж байсан ч өнөөгийн тамхины хэт хэрэглээнээс үүдэлтэйгээр хяналтыг сайжруулах шаардлагатай болсон хэмээн хууль санаачлагч тайлбарласан. Хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийн нэг нь тамхины хяналтын талаар төр, иргэний хүлээх үүрэг аж. Түүнчлэн тамхины сав, баглаа боодолд тавих хяналтыг чангатгаж, байгууллага, аж ахуй нэгж, олон нийтийн газарт тамхи татахдаа зориулалтын өрөө, тасалгаанд орох, шууд болон шууд бус зар сурталчилгааг хориглох, хууль зөрчсөн тохиолдолд торгох торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зүйл заалтууд шинээр орж байгаа юм байна. Хууль санаачлагчаас асуулт асуусан гишүүдийн олонх нь тусгай өрөө тасалгаанд орж тамхи татах талаар лавлаж, манай улсад тамхи үйлдвэрлэдэг хичнээн үйлдвэр байдаг болон нийт тамхи татагчдын жилийн хэрэглээний талаарх тоо баримтыг асууж байв. Манай улсад тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан найман компани байдаг бөгөөд тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хоёр гэнэ. Харин тамхийг импортлогч нэлээд хэдэн компани байдаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд дөрвөн компани ийм эрх авчээ. Манай улсын иргэдийн тамхины хэрэглээ сүүлийн арван жилд 20 дахин нэмэгдсэн гэх судалгааг чуулганд оролцогч Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд хэлэв. Хэрэглээ нэмэгдсэнтэй уялдан янжуур тамхины үйлдвэрлэл, импорт тав-дахин өссөн бол дүнсэн тамхины импорт 3000 дахин нэмэгдсэн гэх харамсалтай мэдээлэл өгөв. Монголчууд жилдээ гурван тэрбум 417 сая ширхэг янжуур тамхи татдаг гэнэ. Тиймээс монголчуудын нас баралтын зонхилох шалтгаан нь тамхи татах болоод байгаа тул түүнд тавих хяналтыг чангатгах нь чухал гэдгийг хууль санаачлагч хэлж байлаа. Импортоор оруулж ирж байгаа тамхиа багасгах талаар гишүүн Р.Буд, Х.Тлейхан нарын гишүүд асуусан ч энэ нь Эрүүл мэндийн яамны харьяалах асуудал биш учир зохицуулж чаддаггүй гэх хариултыг С.Ламбаа сайд өгч байлаа. Хуралдааны төгсгөлд гишүүдийн олонхийн саналаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.