УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хуулийн төслийг танилцууллаа.
Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд баталсан бөгөөд хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ хууль нь тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл, байршлыг харгалзан тооцож баталсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн учир энэхүү эрх зүйн зохицуулалт нь цаг үеийн шаардлагаа хангахгүй байгаа гэв. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж, дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг Ж.Алдаржавхлан гишүүн дурдсан.
Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад өөрчлөлт оруулан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлахдаа хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэв.
Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга батлагдсан төлөвлөгөөг үндэслэн газар олгохдоо түүнд хяналт тавих, мөн газар олголт нь батлагдсан төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар тайлагнах үүргийг хэрэгжүүлэхийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад нэмэлт оруулахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч болон хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, хот байгуулалтын мэргэжлийн байгууллагын үүрэг хариуцлага тодорхой болох аж.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Эх сурвалж: