Ц.Даваасүрэн: Могойн голын уурхай бол хөвсгөлчүүдийн Таван толгой юм
2010.12.17

Ц.Даваасүрэн: Могойн голын уурхай бол хөвсгөлчүүдийн Таван толгой юм

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Та саяхан тойрогтоо ажиллаад ирсэн. Аймаг орон нутагт цас, зудын байдал ямар байна?


-Өмнөх жилтэй харьцуулахад цас их орсон байна. Өдөртөө дулаарч цас хайлаад, шөнөдөө хөлдөж байгаагаас мөсөн бүрхүүл зарим газар тогтож байна. Энэ бол маш муу зүйл. Мал цас ухаж өвсөө идэж чадахгүй болно. Манай аймгийн нэлээд хэд хэдэн сумд зудын байдалд ороод байна. Ялангуяа өнгөрсөн жил зудтай нбайсан Цэцэрлэг, Цагаан-уул, Улаан-Уул сумдад дахин зудын байдал нүүрлээд байна. Иймд эдгээр сумдад анхаарч эртнээс арга хэмжээ авч өгөхийг холбогдох газруудад хүсээд байна.

-Танай аймаг хамгийн их мал тоолуулдаг. Энэ жил энэ байр сууриа хадгалах болов уу?

-Хэдийгээр өнгөрсөн жил зарим сумдад зуднаас болж мал их хорогдсон ч нийт малынхаа тоогоор эхний байраа хадгалах болов уу гэж бодож байна.

-Саяхан болж өнгөрсөн МАХН-ын XXVI их хурлын үеэр та орон нутгийн удирдлагуудаа нутгархаж, найз нөхөд, төрөл садангаараа тойрон хүрээлэл байгуулж байна гэж шүүмжилж байсан. Та бүхний шүүмжлэлийг хүлээн авч энэ байдал засарч байна уу?

-Шуудхан хэлэхэд үгүй байна. Албан тушаал, эрх мэдэлд зарим хүмүүсийн мэлмий сохорч, чих дүлийрсэн байна. Тэнд тосгоны бяцхан дарангуйлал тогтсонд ард иргэд дургүйцлээ илэрхийлж байгааг мэдэрч байгаа юм алга. Нэг хэсэг хүмүүс зохиогоод байна гэх ухааны юм яриад л сууцгааж байна. Орон нутагт ажиллах хугацаандаа иргэдтэй уулзаж тэдний санал, бодлыг сонслоо. Тэдний шүүмжилж байгаа зүйлүүд бодитой, үндэслэлтэй байна. Ард иргэдийнхээ итгэлийг алдаж байна.

-Та бүгдийг орон нутагтаа очиход Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар уулзаж ажил, төрлөө танилцуулдаг байх. Тэд өөрсдөө юу гэж ярьж байх юм. Ер нь ажил төрөл нь ямар байгаа вэ?

-Биднийг очиход төрт ёсоо хүндэтгэж уулзах нь битгий хэл, хотод ирэхдээ ажил төрлөө гээд орж, ирж уулзаж байгаа юм алга. Засаг дарга эхний үед харагдаад байдаг байсан шүүмжлүүлснээсээ хойш алга болсон. Уулзаарай гэхэд зугтаад явсан байна билээ. Дахин ийм хандлага гаргавал хатуухан ярина. Уг нь орон нутгийн гүйцэтгэх засаглалын ажилд шүүмжлэлтэй хандаж, хариуцлага тооцож, хяналт тавих газар чинь аймгийн Иргэдийн хурал шүү дээ. Гишүүд бид хэлж, сануулах үүрэгтэй, гэхдээ шууд хариуцлага тооцоод, огцруулах эрх нь зөвхөн Иргэдийн хуралд байдаг юм. Гэтэл Иргэдийн хурал нь амьгүй албат цугласан газар. Засаг даргын ажилд хяналт тавих нь битгий хэл, аялдан дагалддаг газар болж хувирсан. Ард иргэдийнхээ төлөөллийн үүргээ биелүүлж байгаа юм алга. Саяхан аймгийн Иргэдийн хурлын даргыг хотод ирэхэд нь би хүлээн авч уулзаж, ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөсөн. Аймаг орон нутгийн байдалд иргэдийн зүгээс гаргаж байгаа шүүмжлэлийг анхаарч ажиллах талаар тойрогтоо ажиллаж ирсний дараа миний зүгээс аймгийн Иргэдийн хуралд шаардлага хүргүүлж байгаа. Ингэж хандахаас өөр арга алга. Засгийн газрын холбогдох байгууллагын захиалгаар манай аймгийн талаар хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн судалгааг авч үзлээ. Энэ судалгаанд оролцсон хүмүүсийн 41 хувь нь орон нутгийн удирдлагадаа итгэхгүй байгаагаа илэрхийлж, зөвхөн 12 хувь нь сэтгэл ханамжтай байна гэжээ. Хамгийн их шүүмжлэл дагуулж буй асуудал бол болов-сон хүчний томилгооны асуудал. Төрийн албаны томилгоонд дургүйцэж, арга нь барагдахдаа ард, иргэд "Давааны цаана төрсөн ч болоосой, Далай ванг төгссөн ч болоосой" гэж дуу хүртэл зохиосон байна. Өнгөрсөн хугацаанд миний хувьд шүүмжлэлтэй хандаж, алдаагаа засаж залруулахыг зөвлөж ирсэн. Цаашдаа бол шаардах болно. Нутгийнхаа олон түмний төр түших мандатын эрхийг хэрэгжүүлж яваа хүний хувьд эдгээр хүмүүстэй хариуцлага ярих нь миний үүрэг юм. Аймаг орноо хөгжүүлээд, ард иргэдийнхээ итгэлийг даагаад зөв явах юм бол би дэмжсэн шиг дэмжээд л явна.

-Танайх чинь цэнхэр аймаг шүү дээ. АН хаана явна, дуугарч байгаа юу?

-Энэ стандарт бус шийдэл чинь бүх түвшинд буруу нөлөөллөө үзүүлж байна. Манай аймагт бас цөөнхийн хяналт байхгүйтэй адил болсон. Харин иргэд маань угаасаа ийм зарчимгүй байдалтай эвлэрч чаддаггүй улс учраас шүүмжлэлтэй хандаж байна.

-Тойрогтоо хийж байгаа ажлын талаар сонирхуулах уу. Ямар томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэх гэж байна?

-Мөрийн хөтөлбөрт туссан томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын хөрөнгийн эх үүсвэрийн асуудал үндсэндээ шийдэгдсэн гэж хэлж болно. Тухайлбал, аймгийн төвийн Дулааны станц, Мөрөн-Хатгалын 100 км, Хатгал-Ханхын 80 км, Мөрөн-Тэрхийн цагаан нуурын 100 км хатуу хучилттай замууд, Мөрөн-Могойн голын 110 км-ын өндөр хүчдэлийн шугамын ажлууд ирэх 2011 онд эхэлнэ. Одоо багш, хүүхдийн ордон, 50 ортой төрх эмнэлгийн барилгын ажил эхлээд явж байна. Мөн ирэх онд баригдах 640 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орсноор хамгийн их хүн амтай аймгийн төвийн сургуулиудын анги дүүргэлтийн коэффициент хэвийн түвшинд ирнэ. Манай аймгийн төвийн өрхүүд жилдээ 10 гаруй мянган машин мод уулнаас огтолж түлж байгаа нь ойр орчмынхоо байгаль орчинд маш их сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Иймээс хотжилт, орон сууцны асуудлыг эхлүүлэх үүднээс Дулааны станц барих шаардлагатай болсон юм. Энэ бол маш чухал ажил. Өөр нэг ирээдүйг харсан ажил бол аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн замууд юм. Дээрх замуудаас гадна саяхан ашиглалтад орсон Кувейтийн сангийн зээлээр санхүүжиж буй Булган-Уньтын замыг Тариалан сум хүртэл 88 км үргэлжлүүлэн барих хөрөнгийн асуудал ший-дэгдсэн байгаа. Хөвсгөл нутаг бол аялал жуулчлалыг хөгжүүлэх маш их ирээдүйтэй газар юм. Манай улсад байгалийн баялгаас орох орлогоо ашигтай эргэлдүүлье гэвэл дэлхийд өрсөлдөх чадвартай мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн хоёрхон салбараа л түлхүү анхаарах ёстой. Энэ хоёр салбар манай аймагт хоёулаа бусад аймгаас илүү хөгжсөн байдаг. Тийм учраас байгалийн үзэсгэлэнтэй сайхан энэ нутагтаа уул уурхай гэхээсээ уламжлалт энэ салбарууддаа анхаарах ёстой гэж би үздэг. Хэдэн триллион доллартай байгаад ч Хөвсгөл нуурын сав газрыг бүтээж чадахгүй биз дээ.

Энэ бол бурхнаас манай нутгийнханд бүтээж өгсөн аялал жуулчлалын бааз юм. Аялал жуулчлалын нэг том давуу тал гэрээсээ экспорт хийх боломжийг олгодог. Жуулчдын тоо нэмэгдэх тусам борлуулах мах, сүүний хэмжээ бусад орлого нэмэгдэнэ. Савласан ус гадны хүнд зарж байгаа чинь экспорт шүү дээ.

-Могойн голын Дулааны цахилгаан станцын асуудал нэг хэсэг яригдаад чимээгүй болж байх шиг. Л.Гүндалай, Ц.Сэдваанчиг та гурвыг эсэргүүцээд бариулаагүй гэдэг юм билээ?

-Буруу ойлголт байна. Бид станц барихыг бол дэмжсэн юм. Харин тэр гадны хөрөнгө оруулагч Хятадын компанид Могойн голын нүүрсний уурхайн орон нутгийн өмчид байдаг 51 хувийг өгөх асуудлыг дэмжээгүй юм. Тэдний сонирхол бол станцдаа биш тэр газрын хөрсөн дор байгаа коксжисон нүүрсний баялаг ордыг эзэмших асуудал л байсан юм. үздэг. Хэдэн триллион доллартай байгаад ч Хөвсгөл нуурын сав газрыг бүтээж чадахгүй биз дээ. Тэр нь бүтэхгүй болохоороо Хөвсгөлд барихаа болилоо ухааны юм ярьдаг гэсэн. Энэ ордын ашиглалтын лицензийг тэр компани аваагүй тохиолдолд дулааны станц байхгүй гэдгийг бол баттай хэлэх байна. Бид юу гэж 51 хувиа гадны компанид өгөөд нүүрсээ тэднээс буцаан худалдаж авч байх юм. Дэндүү солиорол гэвэл тэр л байх. Могойн уурхай бол хөвсгөлчүүдийн Таван толгой юм. Гангийн үйлдвэрт шаардлагатай өндөр Ккалын коксжисон нүүрс чинь ховор, хар алт болсон цаг. Миний сонссоноор тэнд 200 сая тоннын коксжисон нүүрсний илэрц байгаа юм байна. Өнөөдрийн ханшаар коксжисон нүүрс тонн нь 200 ам.доллар байгаа гэхээр 40 тэрбум ам.долларын баялаг байгаа биз. Энэ бол манай улсын арван жилийн төсөвтэй тэнцэх асар их баялаг юм. 600-900 хүүхдийн суудалтай 2000 ширхэг сургууль барих мөнгө юм. Тиймээс манай нутгийн хөгжлийн нэг эх үүсвэр байхгүй юу. Одоо ашиглаж байгаа уурхай учраас манай аймагт уул уурхайн ордоо ашиглах ганц боломж энд байгаа юм. Одоо ч гадныхан баялгийг нь булаахын тулд ажлын байр бий болгоно, гадаадад сургана гэж хошгируулдаг болсон цаг. Тэрийг нь сонирхсон хэдхэн хүн, үүнийг дагаж хувийн ашиг хонжоо харсан цөөхөн хүн л гомдолтой байгаа болов уу. Тэдний буруу биш юм. Тодорхой мэдээлэлгүй байгаа улсууд шүү дээ. Би бол баялгаа луйвардуулчхаагүйдээ сэтгэл ханамжтай байгаа. Удахгүй ашиглах цаг ирнэ.

-Тэр хөрөнгө оруулагч компани Могойн уурхайн 51 хувийг авах нь гэжта бүхэн хардсан уу. Үнэхээр тийм асуудал тавьсан юм уу?

-Өөрөө итгэхгүй байгаа бол ЭБЭХ Яамнаас Могойн голын нүүрсний уурхайн 51 хувийг хөрөнгө оруулагч компанид өгье гэж Засгийн газарт оруулсан санал нь энэ байна шүү дээ. (харуулав) Та нар үүнийг нийтэлж болно шүү дээ. Би нутагтаа аваачиж тараах гэж байгаа юм.

-Танд манай улсын хаа нэг газар эзэмшдэг, тэр тусмаа Хөвсгөлд эзэмшдэг лиценз бай-даг уу. Нутагтаа бизнес эрхэлдэгүү?

-Надад ямар нэг төрлийн лиценз байдаггүй. Тэр тусмаа нутагтаа бол бүр ч үгүй. Авах бололцоо бол хангалттай байсан. Төрийн сангийн дарга байхдаа л авчих байсан. Надад тийм сонирхол байдаггүй. Өөрийн амьдралын хэрэглээнээс хэтэрсэн орлоготой байхыг би чухал зүйл гэж үздэггүй. Тийм байсан учраас элдэв юманд холбогдож, дуулиан тарьж явсангүй. Та нутагтаа орд ашиглахад оролцох уу ч гэсэн санал тавьж байсан. Тэр бүхэнд татгалзаж явлаа. Би нутагтаа бизнес эрхэлж, тэднийхээ олдог орлогоос хуваалцахыг боддоггүй. Тэдний надад олгосон төр түшилцэх мандатаас илүү хүндэтгэлтэй юм гэж надад үгүй. Би нутгийнхан-даа насан туршийн өртэй хүн. Харин зундаа очиж амардаг, ойр дотны найз нөхдөө хүлээж авдаг жуулчны бааз насны эцэст хэрэг болно гэж бодохоос цаашгүй явна. Дээшээ хичнээн хөөрөвч буух газар, буцах нутаг минь юм даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.