Хүний эрхийн хамгаалагч нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Үндсэн хууль, Хүний эрхийн чиглэлээр олон улсын гэрээ, конвенциор баталгаажсан иргэдийн хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд зорилготой билээ.
Энэ хүрээнд жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө батлан ажиллаж ирсэн бөгөөд МҮЭ-ийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийсэн уулзалтаар 2019-2020 онд хийсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа ярилцан, санал солилцлоо.
Уг уулзалтад МҮЭ-ийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, хуулийн мэргэжилтэн, өмгөөлөгч М.Саранцацрал болон ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, референт Г.Ууганбаатар нар оролцлоо.
Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сүүлийн жилүүдэд хийж ирсэн хамтарсан сургалтаа үргэлжлүүлэх, цар тахалтай холбогдож хойшлогдсон ажлаас 9, 10 дугаар сард Өмнөговь аймаг дахь Гашуун сухайт, Цагаан хад боомтод ажиллаж буй 16 мянган тээвэрчдийн нөхцөл байдалтай танилцах, Засгийн газраас удаа дараа шалгаад өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилттэй танилцах зэргээр хамтрахаар болов.
Мөн ажлаасаа халагдаж шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажилтны хөдөлмөрлөх эрхийн зөрчилд холбогдох байгууллагатай хамтарч судалгаа хийх, хүчний болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд үзлэг шалгалт хийхээр тогтлоо.