Нийгмийн салбарын сайдууд нийслэлийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлуудтай танилцлаа
Боловсрол, Эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн салбарын сайд, удирдлагууд өнөөдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлага, алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Э.Бат-амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа нар оролцон нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцсан юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан. Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэхийг халсан байна. Харин эрүүл мэндийн салбарын хувьд нийслэлийн хэмжээнд 14 өрхийн эмнэлэг, 1385 хувийн эмнэлэг, 1356 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд долоон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, 13 өрхийн эмнэлгийг шинэ байртай болгожээ.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “ЕБС-ийн бага ангийн багш нарыг үзлэгт оруулах, ЕБС-иудад халдваргүйжүүлэлт хийх, халуун хэмжигч, агаар шүүлтүүр тараах зэрэг ажлуудыг хоттой хамтарч хийнэ. Нийслэлийн 171 хорооноос 24 хороо цэцэрлэггүй байна. 2021-2022 онд эдгээр хороонд 12 бүлэгтэй буюу 280 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажээ. Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ясли бүлгийг нэмнэ. Тиймээс цэцэрлэгийн барилга барихдаа 240-280 хүүхдийн ортой байхаар тооцоолох хэрэгтэй” гэдгийг хэлж байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс төвлөрлийг сааруулах, дүүрэг болон өрхийн эмнэлгүүдийн чадварыг сайжруулан ажиллахаар зорьж байна. Цаашдаа хөрөнгө оруулалт дээр тооцоо судалгаатай байх шаардлагатай. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт 250 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орж байна. Энэ нь тус дүүргийн бүх хүн амд хүртээмжтэй эсэх, эсвэл дахин эмнэлэг нэмэх хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэдэн ортой эмнэлэг хэрэгтэй зэрэг тооцоо судалгаа хийж байж хөрөнгө оруулалтын ажлаа хийх хэрэгтэйг Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
Уулзалтын төгсөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Цаашид хөрөнгө оруулалтын ажлуудад нэгдсэн бодлоготой байж зөв төлөвлөх, сахилга хариуцлага, эдийн засгийн үр өгөөжийг ямагт дээшлүүлэхэд хаана хаанаа анхаарч ажиллахыг " уриаллаа.