2020.10.21
Ц.Даваасүрэн: Хадгаламжийн хүүг зохицуулах заалт хуульд орсон уу?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Хуулийн төсөлтэй холбоотой тодруулах 2 зүйл байна.
- Хугацаатай хадгалмжийг зөвхөн иргэнтэй байгуулна гэсэн байна. Өмнө нь ямар субъектүүдтэй байгуулдаг байсан бэ?
- Хадгаламжийн хүүний талаар цаашид ямар арга хэмжээ авах вэ? Өрсөлдөж өсөөд байгаа хүүг хэрхэн зохицуулах талаар хуульд ямар заалт орсон бэ?
- Шилжүүлэгтэй холбоотойгоор олон улсын мөнгө угаах терроризмтэй тэмцэх чиглэлийн байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хуулиар бүрэн биелүүлэх заалт байгаа юу? Европын холбоо руу хүртэл мөнгө угаасан иргэн хүртэл манайд гарч ирсэн шүү дээ.”
Түүний асуултанд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.