2020.10.21

Ж.Ганбаатар: Их дүнтэй мөнгөн хадгаламжаас өндөр татвар авах заалт хуульд орсон уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар:

“Хуулийн 9.11-д Төрийн өөрийн өмчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн Монголбанкинд байршуулна гэсэн байна. Үүнийг тодруулж өгнө үү? Төрийн өөрийн өмчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн Монголбанкинд байршуулах гэснийг юу гэж ойлгох вэ?

Их дүнтэй мөнгөн хадгаламжтай хүмүүсээс их татвар авах ёстой гэсэн санаа хаана орсон бэ? Одоо нэгдсэн байдлаар 10%-ийн татвар авч байгаа. Ялгамжтай байдлыг яагаад хуульд оруулаагүй юм бэ?”

Түүний асуултанд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.