Тайваньчууд тусгаар тогтнолыг 100 жил мөрөөдөж  байна
2011.08.26

Тайваньчууд тусгаар тогтнолыг 100 жил мөрөөдөж байна

 
ТОВЧХОН
  • Тайвань арлыг XVI зууны үед Португалийн далайчид нээн илрүүлэхдээ түүний үзэсгэлэнт сайхан байгалийг харан “Formosa” буюу “Үзэсгэлэнт арал” хэмээн уулга алдсан гэдэг
  • Өмнөд Сүн гүрний үед далайн эргийн дагуухь эх газрын иргэд дайны хөлөөс дайжин Тайванийн арал болон түүний ойролцоох Пэнху арлуудад нүүдэллэн суурьшиж газар тариалан эрхлэн амьдрах болсон байна.
  • Юань гүрний үед буюу Монголын эзэнт гүрний үед Тайваний арал руу цэрэг илгээн дайтсан боловч ялагдал хүлээн буцаж байжээ
Би хятад судлалаар мэргэжсэн нэгэн билээ. Монгол-хятадын харилцаа сайнгүй байх үед Ленинградын Улсын Их Сургуулийн дорнодахины факультетын хятадын түүхийн ангийг 1979 онд төгсөж ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болж улмаар МУИС-д багшлах болсноор өдгөөг хүрэв. Өнгөрөгч хугацаанд хятад судлал, монголын түүх, олон улсын  харилцаа болон олон улсын аюулгүй байдал, соёл иргэншлийн талаар багагүй судалгаа хийж гадаад дотоодод толилуулсан бөлгөө.

 

Энэ удаа судалгаа хийхээр Тайваньд очиж бүтэн сар хагасыг өнгөрүүлэх хугацаанд урьд өмнө үзэж судалсан зүйлээ гүнзгийрүүлэх боломж олдсоныг миний бие ихэд олзуурхан улмаар бусдад мэдээлэл болгон хүргэхээр энэхүү аяны тэмдэглэлийг тэрлэв.

 

Тайваний тухай монголчууд бид төдийлөн сайн мэдэхгүй бөгөөд мэдээлэл тун хомсхон, миний мэдэхээс Тайванийн профессор Пань Бинхун монголд байх хугацаандаа 2009 онд Тайваний тухай номыг монгол хэл дээр анх удаа гаргаж байв. Түүний бичсэнчлэн Тайвань арлыг XVI зууны үед Португалийн далайчид нээн илрүүлэхдээ түүний үзэсгэлэнт сайхан байгалийг харан “Formosa” буюу “Үзэсгэлэнт арал” хэмээн уулга алдсан гэдэг. Үнэхээр ч дөрвөн талаараа далайгаар хүрээлэгдсэн мөнхийн ногоон арал нь энэ нэрээрээ өдгөөг хүртэл нэрлэгдэж Тайванчуудын нутаг орон, үзэсгэлэнт байгалаараа бахархах бахархал нь болсоор байна. Эрт цагт Тайвань болон эх газрын Хятад нь хил залгаа эх газраар холбогддог байсан бөгөөд хожим нь газар зүйн тогтоцийн өөрчлөлтөөс улбаалан залгаа бүхий эх газар нь далайн усанд идэгдэн Тайваний хоолой үүсэн бий болжээ. Газар зүйн байрлалын хувьд Зүүн хойд Ази болон Зүүн өмнөд Азийн зааг дээр байрлах энэ арал нь 36.188 кв.м нутаг дэвсгэртэй, 24 сая хүн амтай. Нийт хүн амын 98%-ийг хятад үндэстэн, үлдсэн 2%-ийг нутгийн уугуул иргэд эзэлдэг.

 

Саяхан манайхтай адилаар хүн ам хийгээд орон сууцны тооллого хийсэн тул эцсийн тоо нь гараагүй байв. Нутгийн уугуул иргэд нь японы айну үндэстэн лугаа адил бөгөөд тэдгээр нь 10 гаруй төрөл байх ба тэдгээр нь уул ус, байгал дэлхийгээ тахин шүтэж он удаан жил амьдарч иржээ. Түүхийн хувьд балар эрт үед ч энэ арал дээр хүн амьдарч байсан нь археологийн олдворуудаар нотлогджээ. Өмнөд Сүн гүрний үед далайн эргийн дагуухь эх газрын иргэд дайны хөлөөс дайжин Тайванийн арал болон түүний ойролцоох Пэнху арлуудад нүүдэллэн суурьшиж газар тариалан эрхлэн амьдрах болсон байна.

 

Юань гүрний үед буюу Монголын эзэнт гүрний үед Тайваний арал руу цэрэг илгээн дайтсан боловч  ялагдал хүлээн буцаж байжээ. Харин Тогоон Төмөр хааны үед 1335 онд Пэнху арал дээр “Харуулын штаб” (Сүнжэнзи)-ыг байгуулж байсан нь Юань гүрний үеийн анхны засаг захиргааны нэгж байжээ. XIV зуунд Мин гүрний үеэс эхлэн эх газрын хятадтай харилцах харилцаа сайжирч улмаар үй олон Хань үндэстэн Тайванийн арал дээр суурьшан амьдрах болсон байна. Энэ үеэс Хань үндэстний соёл аажим аажмаар нэвтэрч эхэлжээ. XVI зууны үеэс европчууд далайд ноёрхолоо тогтоох болж 1624 оноос эхлэн Испани 16 жил, 1642 оноос Голландчууд 38 жил, 1662 оноос Хятадын Мин гүрний сүүлчээр цэргийн жанжин Жэн Чэнгүн Тайванийн арлыг эзлэн авч европчуудын ноёрхолоос чөлөөлж, улмаар 3 үе дамжин ноёрхолоо тогтоосон байна. 1683 онд Чин гүрэн Тайванийг мэдэлдээ оруулж 212 жил эрх мэдэлээ тогтоосон ба 1894 оны Хятад, Японы дайны үеэр Хятадын тал ялагдал хүлээн 1895 оны “Шимоносэкийн гэрээ”-ний дагуу Тайваний арлыг Японы талд шилжүүлэн өгсөн байна. Ийнхүү Тайвань нь 1945 он хүртэл Японы колончлолд 50 жил байсан ба энэ үед газар  тариалан, аж үйлдвэрийг нэлээд хөгжүүлсэн нь Япончуудын өмнө зүгт газар нутгаа тэлэх бодлоготой холбоотойгоор Тайваний арлыг өөрийн түшиц газраа болгон ашиглаж байжээ.


Японы колончлолын үед боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц хөгжиж, барилга байгууламж баригдаж, эдийн засаг нь хөгжсөн нь Тайванийн хөгжилд багагүй нөлөө үзүүлсэн байна. Энэ нөлөө нь өнөөг хүртэл хэвээр хадгалагдаж ирсэн нь алхам тутамд ажиглагдах бөгөөд өдгөө ч Японд талтай ханддаг бөлгөө. Дэлхийн II дайнд Япон ялагдал хүлээн Тайваний арлыг Хятадад буцаан өгсөн боловч, Хятадын Гоминьданы нам болон Коммунист намын хооронд дотоодын дайн дэгдэн улмаар 1949 онд Гоминьданы нам ялагдал хүлээн уг арал руу зугтааж, улмаар эх газраасаа хөөгдсөн Дундат Иргэн Улсын эрх баригчид ирж нутагласан түүхтэй. (   Пань Бинхунь.Тайвань:таны сэтгэлийг хөдөлгөнө,УБ.,2009,25-27-р тал) Энд эх газраас ирсэн хүмүүсээ “вай шэн жэнь” хэмээн нэрлэдэг. Тэдний ихэнхи нь эх газрын Хятадын Фузянь мужаас ирсэн тул тэр зүгийн нутгийн минань аялгуугаар ярьдаг хятад гаралтай хүмүүс.

 

Тайвань нь 1972 он хүртэл НҮБ-ын гишүүн байсан бөгөөд АНУ БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, улмаар эх газрын Хятад нь мөнхүү олон улсын байгууллагын гишүүн болсон үеэс хасагдсан ажээ. Манай улс нэг Хятадыг дэмждэг бодлого баримталдаг тул Тайваньтай улс төрийн ямар нэг харилцаа байхгүй бөгөөд харин Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон 1990 оноос хойш эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагаа чамгүй өргөжин хөгжиж байна. Өдгөө Тайваньд монголын олон  залуучууд амжилттай суралцаж байна.

 

Тайвань нь ерөнхийлөгч, парламентын холимог засаглалтай. 1990-ээд оноос ардчилсан үйл явц өрнөж олон намтай болсон нь манай улстай төстэй. 1949-2000 он хүртэл Гоминьдан нам засгийн эрх барьж байгаад 2000-2008 онд засгийн эрхээ Ардчилсан дэвшилийн намд алдсан бөгөөд 2008 оны сонгуулиар Гоминьдан нам дахин ялалт байгуулж өдгөө засгийн эрх барьж байна. АДН нь парламентэд 3/1 суудлыг авсан бөгөөд саяхан болсон орон нутгийн сонгуульд амжилттай оролцож тал хувийн суудал авсан байна. Судлаачдын үзэж байгаагаар 2012 оны сонгуульд Гоминьдан нам дахин ялах магадлалтай.

 

Гоминьдан нам засгийн эрх дахин барих болсноос хойш эх газрын Хятадтай харилцаагаа сайжруулсан байна. Үүний үрээр Бээжингээс Тайбэй руу онгоц байнга нисэх болсон нь мань мэтийн номын хүмүүст зорчиход амар болжээ.

 

Сүүлийн 6 жил эх газрын Хятадад хөрөнгө оруулах нь чөлөөтэй болсноор Тайваний 2 сая бизнесмэнүүд эх газартаа үлэмж их хөрөнгө оруулж байгальд халтай үйлдвэрүүдээ нүүлгэж, тэнд ихэнхи нь гарч амьдрах болжээ. Эх газарт хөрөнгө оруулах нь ашигтайн дээр ажиллах хүч нь хямд тул хөрөнгө мөнгөний урсгал нь тэр зүгрүү урсах болсон байна. Үүний сөрөг тал гэвэл Тайваний зах зээл хятад бараагаар дүүрч дотоодын цөөн бараа нь үнэд хүрч ажлын байр цөөрч дотооддоо нэгэн зүйлийн бухимдал буй болж эх газар луу одогсоддоо дургүйцэх хандлагатай болж байна. Ер нь хүн амын 30% нь Тайваний тусгаар тогтнолын төлөө, 30 % нь эх газартай нэгдэхийн төлөө байдаг гэх бөгөөд үлдсэн нь яахаа ч мэдэхгүй байгаа ажээ. Үүнийг дагаад янз бүрийн үзэл бодолтой хүмүүс их тааралдах юм. Эгэл хүмүүс, тухайлбал таксины жолооч нар:” Ингэж улс ч биш юу ч биш  дорой байсан дор эх газартайгаа нэгдэх нь зүйтэй, БНХАУ-ын 60 жилийн ойн баярын жагсаалыг үзсэн үү? Эх газар бол өдөр ирэх тутам хүчээ авч байна! Энд бол өдөр бүр доройтож байна!” гэж ярих нь олонтой.

 

Тайвань хүн ардын ихэнхи нь хятад хань үндэстэн, төрийн албан хэл нь хятад хэл, ер нь хятад угшилттай, соёл иргэншил нь суурин газрын болоод Кунзын соёл иргэншил, төрийн бичиг нь дэлгэрэнгүй ханз үсэг бүхий хятад бичиг, шашин нь бурхны хийгээд бомбо буюу даогийн шашин. Уугуул ард нь бөөгийн нэгэн  адил уул ус,  байгаль, өвөг дээдсээ тахиж шүтдэг ажээ.

 

Энд анх ирсэн хүнд хөрөнгөтөн Хятадад ирсэн эсвэл Японд ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Нарийн анзаарвал Тайвань нь өөр юм. Уламжлалаа авч үлдсэн, бичгийн хэл нь хуучнаараа бүрэн зурлагаараа, хэл найруулга нь эртний хятад хэлний нэгэн адил тансаг, шашин шүтлэгээ халаагүй нь үнэн. Гэвч хятад хэлний хойт зүгийн “мандарин” хэл бас биш. Хэдийгээр Тайваний эрх баригчид 60 жилийн турш хойт зүгийн “мандарин” хятад хэлийг хүчээр зааж ирсэн авч өдгөө болтол хэвшүүлж чадаагүй ажээ. Мандарин хэл гэдэг нь мандарин гэдэг жимстэй ямар ч хамаагүй ээ, угтаа “ман да жэнь” буюу “манж их хүн”-ий хэл гэсэн үг бөлгөө. Хятадыг манж нар эзлээд Цинь буюу Чин улс байгуулаад 260 жил болохдоо хойт зүгийн хятад хэлийг төрийн хэл болгосноос хойш ийм үгийг өрнөдийнхөн зохиосон юм. Угтаа хойт зүгийн хятад хэл гэснийг ийн хэлдэг хэмээн ойлговол зохистой. Хятад хэлний хувьд эх газраасаа алслагдсан тул ярианы хэл муу хөгжисний дээр нутгийн уугуул хакка хэл болоод колоний үеийн япон хэлний нөлөө, эртний хятад хэлний ул мөр үлэмж хадгалсан фузянь аялганы нөлөө зэргээс улбаалан эх газрын хятад хэлэнд байдаг нэр үгүүд хэрэглэдэггүйн дээр “улаан хятадын үг хэллэг хэрэглэхгүй” гэсэн үндэсэрхэг үзэлтнүүдийн бодлогоос болоод хоорондоо тохирох үг хэллэг, ялангуяа нэр үг ховор ажээ.

 

Насаараа хятад хэл сурч байгаа мань мэтийн хүн хүртэл хэл нэвтрэлцэхэд хүндрэлтэй нэг хэлсэн үг, өгүүлбэрээ давтаж хэлж байж ойлголцоно, ялангуяа  залуучуудтай нь хэл нэвтрэлцэхэд бэрхшээлтэй. Нэг үндэстэн улс төрөөс болоод хоёр хуваагдсан өнгөрсөн ХХ зууны балаг энэ болой. Ийм хувь тавилан мөн солонгос түмэнд тохиолдож өөр хоорондоо сөргөлдөж өдгөөг хүрсэн бөгөөд  цаашид тэд яах нь өнөөдөр бүрхэг байна. БНХАУ 2006 онд “Газар нутгаа бүрэн бүтнээр нь хадгалах хууль” гаргаж БХАТИХ-аараа баталсан. Тайвань манай улсыг тусгаар тогтносон улс гэдгийг АДН-аас сонгогдсон Ёрөнхийлөгч Чэнь Шүйбяний засаглалын үед буюу 2003 онд албан ёсоор 1946 оноос хойш хоёр дахиа манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

 

Манж Чин улсын үеэс монгол төвдийн хэргийг монгол төвдийн жуурган хариуцаж байсан уламжлалаа барин Дундат Иргэн Улс анх байгуулагдсан цагаасаа Монгол Төвдийн хороонд хариуцуулж ирсэн бөгөөд тэр ёсоороо өдгөө хүртэл хариуцсаар байна. 1990-ээд оноос хойш МТХ-ны шугамаар хэдэн зуун монголчууд энэ газар богино хугацааны сургалт дамжаанд явж зах зээлийн эдийн засаг,  менежментийн анхны мэдлэгтэй болсон бөгөөд мөн хүнсний хомсдлоос гарахад тусалж хэдэн зуун мянган тонн цагаан будаа илгээж байсан нь тухайн үедээ монголчуудад их хэрэг болж байв. Тайваньтай харилцах харилцааг хөгжүүлэхэд  манай талаас элчин сайд Д. Готов гуайн толгойлсон далай хөгжингүй бүс нутагтай харилцах нийгэмлэг хариуцаж их үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглүүштэй. Ирэх жилээс Монголын асуудлыг Эх газрын хороо нь хариуцах болж байх шиг байна.Гэхдээ одоогоор хэрхэхээ шийдээгүй байна. Монгол Улсыг мөн л эх газартайгаа холбож авч үзэж байгаа ба магадгүй энэ нь бүс нутаг, газар нутгийн байршилтай холбоотой байж болох талтай ч бидний монголчуудын хувьд манай улсыг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь үнэн хэрэгтээ эргэлзээтэй мэт сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлэх ажээ. Гэтэл манай улсыг дэлхийн 170-аад улс хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ. Тайванийн эрх баригчдийн энэхүү бодлогод эгдүү хүрч байсныг нуух юу билээ. Уг нь манай асуудлыг Тайваний ГХЯ нь хариуцаж боломоор санагдана. Үүнээс үзвэл Тайвань, тайваний эрх баригчид ч ялгаагүй л дотор хүмүүс - дотуур бодолтой байдгийн илрэл гэлтэй.

 

2005 онд Тайваний Ху Зункунь гэгч нөхөр “Тайвань, Монголд 1990 оноос хойш өрнөсөн ардчилсан шинэчлэл” сэдвээр миний удирдлагаар манайд докторын зэрэг хамгаалж байсан бөгөөд үнэхээр Монгол, Тайваний аль алинд нь энэ үеэс олон намын систем тогтсон юм. 1911 онд Синьхайн хувьсгалаар  Дундад иргэн улс байгуулагдсаны 100 жилийн ойг энэ жилийн төгсгөлөөр тэмдэглэхээр Тайваньд эд бэлтгэж байна. Манай улс ч ялгаагүй 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын нөлөөгөөр тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоо энэ оны төгсгөлөөр тэмдэглэнэ. Өнгөрөгч зуун жилийн дотор монголчууд тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь олсон бол Тайваньчууд тусгаар тогтнолоо олно гэж ярьсаар өдгөөг хүрчээ.

 

Тайваний хэвлэлээр “Монгол Улсад шинэ нацистууд буй болж, хятадуудыг мөрдөж, гадуурхдаг болсон” гэсэн агуулгатай мэдээлэл цацагдаж нэлээд газар авсан бололтой. Энэ талаар уулзсан хүн болгон шахуу асууж байх юм. Энэ нь даяар монгол хөдөлгөөнийхнийг хэлээд байгаа бололтой юм. Ер нь Тайваньчууд  манай улсыг өмнөт хөршийнхийг бодвол илүү мэддэг. Хүн ард нь бас ч гэж монголчуудад хүндэтгэлтэй хандах ажээ.

 

Саяхан болтол Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын газар нутагт  оруулан ДИУ-ын газрын зураг болгон хэвлэж байв. Намайг энэ удаа хүлээн авсан Жунсины Улсын Их Сургуулийн кампус доторхи хиймэл нуурыг гэхэд л ийм газрын зургийн хэлбэр дүрсийг гарган дээхэн үед хийжээ. Монгол Улсыг дахин хүлээн зөвшөөрснөөс хойш ийм газрын зураг гаргахаа больсон бөгөөд энэ үеэс газрын зургийнхаа хэлбэр дүрсээр “намрын хайдан цэцэг хөгшин эм тахиа болов” хэмээн эрдэмтэд нь бичдэг ярьдаг болсон болой.

 

Энэхүү аяны тэмдэглэлийнхээ эцэст сургууль хийгээд эрдэмтэдийн талаар хэдэн зүйл өгүүлсү. Сургуулиуд нь хичээлийн жилээ манайхтай адил 9-р дүгээр сард эхлүүлж өвөл цагаан сарын үеэрээ бараг сар хиртэй амараад 6-р сард хичээл ном нь  хаадаг. Нарийн мэргэжлийн багш нар нь голдуу өрнөдөд докторын зэрэг хамгаалсан байх бөгөөд гадаад хэлний мэдлэг сайтай хичээлээ хятад хэлээрээ заахаасаа илүүтэй англиар заана. Саяхнаас эх газрын Хятадын зарим сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөх болсон. Гадаадын сургуулиудтай харилцаа тогтоохыг илүүд үздэг. Эрдэм шинжилгээний зарим сэтгүүлээ англиар гаргана. Англи хэлээр өгүүлэл хэвлүүлбэл илүү тооно. Бүтээл арвинтай байж, олон арван жил багшилж байж сая профессор цол авна. Профессорын баг гэж байна, хэдэн магистр, докторант авч цалинжуулахаа профессор нь мэднэ. Зөвхөн профессор хүн 6 дахь жилдээ нэг жилийн бүтээлийн чөлөө авна. Энд хувийн их сургуулиуд  цөөн  бөгөөд улсын хийгээд шашны  сургуулиуд олонтой. Улсын сургуульд багшлахаа нэр төрийн хэрэг хэмээн үзнэ. Профессор багш нар нь 65 нас хүртлээ багшлана. Судалгааг төслөөр л хийнэ. Сургуулиуд нь мөнгөтөй тул бусдын царай харахгүй нь сайхан юм. Ном хувилуулахад зохиогчийн эрх зөрчинө хэмээн ихэд болгоомжилно. Хувилж олшруулж буй үнэ нь номын үнийн 1/3-ээс хэтэрвэл зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үздэг ажээ. Номын үнэ харьцангуй хямд, сайхан ч хэвлэх юм.

 

Одоогоор Тайваньд нийт 300-аад монгол оюутнууд сурч байгаа бөгөөд магистр хийгээд докторантурт суралцагсад нь хичээлээ англиар үздэг нь цөөнгүй. Ихэнхи нь  тухайн сургуулийн тэтгэлэгээр суралцдаг, тэр нь сардаа 6000 шинэ тайвань юань буюу 3ОО ам. доллар орчим, харин тэндэхийн боловсролын яамны тэтгэлгээр сурвал хоёр дахин илүү мөнгө авдаг бололтой. Бүх юм нь үнэтэй, амьжиргааны өртөг өндөр тул нэлээд л хүнд нөхцөлд сурч боловсорч байна гэсэн үг. Жил бүр цагаан сарын өмнө төгсөгчид хийгээд ахмадууд, ажиллагсад болон оюутнууд хамтран баяраа тэмдэглэж, төрөл бүрийн шагнал гардуулан, дуу хуур болж, ганц, хоёр шил сайн дарс, жимснийй шүүс, ундаа уун “хуучин оноо үдэн”  соёлтойгоор  найрлах юм.

 

Тайваньд намайг  энэ удаад очиж судалгаа хийж, лекц уншиж байх хугацаанд БНХАУ-ын дарга Ху Зинтао АНУ-д албан ёсны айлчилал хийсэн үе таарсан бөгөөд Тайваний “The China Post” хийгээд “Ляньхэ бао” сонинд бухимдсан болоод эсэргүүцсэн нийтлэл нэлээд гарав. Тайвань 15 жилийн өмнө гадаад валютын нөөцөөрөө эхний 4-рт ордог байсан бол одоо БНХАУ орыг нь эзлээд байна. Ийм ч учраас “Ху (хятадад нүүдэлчин гаралтай хүмүүс ийм овогтой байдаг-Ж.Б) дарга АНУ-д айлчилахдаа 45 тэрбум ам.долларын гадаад худалдааны гэрээ байгуулахаар ганзага дүүрэн Америкт очсон бөгөөд энэ худалдааны мөнгөний ачаар америкийн 235 мянган эгэл иргэд ажлын байртай болох боломж өгч байгаа нь Обама  (The China Post, January 21, 2011) ерөнхийлөгчид ч гэсэн том бэлэг болж байна. Хятад улс мөнгөөр АНУ-тай манийг наймаалцав” хэмээн сүржигнэсэн болой.

 

Байгал цаг агаарын хувьд Тайвань нь дулаан чийглэг зөөлөн уур амьсгалтай хэдий ч өвөл 1-2-р сард энд ирэх хүмүүн урт ханцуйтай дулаан хувцастай ирэхгүй бол нэлээд хүйтэн зэврүүн салхитай байдаг агаад байр нь халаалтгүй тул жиндэж даарна гэдгийг мэдвэл зохилтой.

 

Намайг тэнд байх хугацаанд цагаан сар гараад хөл хөдөлгөөнтэй байв. Манайхантай адил чихэр боов, идээ, ундаа болж хөгшчүүл дээрээ очиж  золгоно. Харин орой бүрий болсон хойно цаасан буугаа тавина, энэ нь муу зүйлс,  албин чөтгөрийг холдуулж үргээж буй хэрэг. Сүм хийддээ очиж бурхандаа идээ тавьж, мөргөл үйлдэнэ. Мөн буяны хоол өглөг өгөх ажээ. Цагаан сарыг хаврын баяр хэмээн тэмдэглэх бөгөөд шинийн нэгэн гармагц мөн манайхтай адил дулаарч халаалтгүй байранд даарч суусан нь гэнэт үгүй болох юм, байгал цаг агаар гэж сонин шүү.

 

Ер нь Азийн аюулгүй байдлын асуудлаар ярихдаа миний бие манайд хамгийн ойроор нь Солонгосын хойг хийгээд Хятад болон Тайваний асуудлыг урьдал болгон ярьж бичдэг юм. Азийн бусад улс газар зүйн хувьд алслагдмал, харилцаа, хамтын ажиллагаа төдийлөн их хөгжөөгүй, манайд шууд нөлөөлөх боломж ч бага бөгөөд үүний зэрэгцээ бид цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний дунд хавчуулагдсан жижиг улс тул гадаад бодлого хийгээд аюулгүй байдлын орчин их өвөрмөц болохыг гадаад бодлогодоо зөвхөн харилцаагаа босоо тэнхлэгээр бус мөн хэвтээ тэнхлэгээр хөгжүүлж байж сая хүчний тэнцвэрийг бий болгоно гэдгийг шийдвэр гаргагч ноёд эрх биш мэдэж байгаа болов уу хэмээн найдан энэхүү тэмдэглэлээ тэрлэн дуусгая.

Хэрээд Жамсрангийн Баясах, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч,тэргүүлэх профессор, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc. D), bayasakhjk@gmail.com

2011 оны 2 дугаар сарын 5-ны өлзийт сайн өдөр  Тайвань,Тайжун хот

Нийтлэлч
Ж.Баясах
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.