2020.12.10

П.Анужин: Сэтгэлзүйчдийн санхүүг шийдэж, тоог нь нэмэгдүүлэх нь чухал.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.09/ хуралдаан боллоо. Хуралдаанаар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан"-г сонссон юм. 

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн П.Анужин:

Нэр томъёоны төөрөгдөл бол утгын төөрөгдөлд хүргэдэг гэж хэлдэг. Үүнийг бид бодож үзүүштэй. Гэр бүлийн хүчирхийлэл гэж яриад байна. Ингэж ярихаар байх ёстой нэр томъёо шиг. Тэгэхээр үүнийг гэр бүл дэх хүчирхийлэл гэж хэлвэл ямар вэ? Энэ тал дээр зохих байгууллагууд бодож үзээсэй гэж хүсэж байна.

Гэр бүл дэх энэ хүчирхийлэлийг түрүүн Д.Сарангэрэл сайдын хэлснээр ойрын, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Одоо яаралтай шийдэх асуудлууд дээр сайдын тухай яриа, бидэнд тавьсан илтгэл, хариултуудаас харахад санхүүгийн асуудал гэдэг нь тодорхой байна. Сая Х.Нямбаатар сайд хэлж байна ирэх жил өөрийн харъяа яаманд байгаа төсөвлөгдсөн төсвөөс хамтарсан багийнханд зарцуулах ийм бодолтой сууж байна гэж ярьсан. Тэгэхээр үүн дээр УИХ-ын гишүүд бид нэгдэж гэр бүл дэх хүчирхийллийг ойрын, дунд, урт хугацаанд үгүй болгох гэж байгаа бол нэгдүгээр фронтод тэмцэж байгаа ажилчдын санхүүгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөх ёстой.

Дараагийн нэг зүйл ХЗЯ-ны сайд томилогдсон цагаасаа хойш хандлагын тухай ярьж байгаа. Би үүнд маш талархалтай хандаж байгаа. Ер нь эрэгтэй хүмүүс хандлагын тухай бараг дуугардаггүй. Гэтэл Хууль зүйн сайд нь хандлагаа өөрчилж байж энэ нийгмийг сэртхийлгэсэн хэргүүд намжиж, үгүй болно гэдгийг хэлж байгаа нь маш сайшаалтай хэрэг юм. Бид хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хохирогч нь ч, хохироосон хүмүүс нь ч хандлагыг нэн яаралтай нэгдүгээр шугаманд тулж ажилладаг хүмүүс бол сэтгэл засалч, сэтгэл зүйч нар юм. Гэтэл энэ хүмүүсийн төсөв ирэх онд тусгагдаж чадаагүй гэдэг бол маш аймшигтай мэдээ.

Бидний ярьж байгаа энэ зүйл зүгээр асуулт, хариултын хэмжээнд дуусчихдаг. Гол гогцоо нь санхүүгийн асуудалд байна гэж харж байна. Тиймээс ирэх жил УИХ-ын гишүүд бид хамтарсан багийн төсөв болоод сэтгэл зүйчдийг олноор нь нэмэх асуудал дээр анхаарах ёстой. Монгол хүний хандлагыг өөрчлөх.

Энэ гарч байсан гэмт хэргүүдээс харахад зүгээр хамар хашааных нь хүн нь: "Өө тийм хүүхдээ зодож чирж байгаад алчихсан" гэж байна. Хэзээ байхдаа Монгол хүмүүс хээв нэг ингэж ярьдаг байсан юм бэ? Энэ бол цэвэр Монгол хүний сэтгэл зүйн хандлагын асуудал байгаа юм. Хандлагад чиглэсэн Монгол хүнийг соён гэгээрүүлэх асуудал шаардагдах төсвийг шийднэ гэдэг маш зөв зүйтэй уриалга. Бид нар ирэх жилийнхээ төсөвт саяны хоёр хэлж байгаа зүйл дээр анхаарч төсвийг суулгах ёстой гэсэн санал хэллээ.