2020.12.11
М.Оюунчимэг: АТГ-ын дарга нь өөртэй нь нэг зүгт харж ажиллаж чадах хүнээ томилж чадах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
"Хууль, дүрэм батлаад л байдаг. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгддөггүй. Эсвэл технологийн дэвшил рүү орж байж энэ асуудал шийдэгдэх юм уу? гэдэг асуудал байна. Бид АТГ-ын дарга дэд даргаа томилдог байх асуудлыг хэлэлцэж байна. Үнэхээр АТГ-ын дарга нь өөртэй нь нэг зүгт харж ажиллаж чадах хүнийг өөрөө сонгож чадах уу? Өнөөдөр хэвлэлээр 4 хүний нэр яригдаад тэр тэрний гар хө юм гэнэ гээд л бичээд байна. Нэгийг нь томилдог. Эргээд гай болоод ажил гацдаг байдал давтагдахгүй гэх баталгаа байна уу? ХЗДХ-ийн сайд аа?
АТГ-ын дарга, дэд дарга 4 жилийн сонгуулийн үр дүнгээс их шалтгаалдаг. Энэ тогтворгүй байдал олон жил боллоо. Сүүлдээ цагдаагаас хүн аваачиж тавиад самараад явдаг. АТГ-аа байгаа олон мундаг хүмүүсээ мохоогоод явдаг ч юм уу? Одоо ер нь улс төр, бизнесийн захиалгаар ажилладаг байдал олон газар байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Үнэхээр олон түмний нүдэнд харагдаад байгаа авлига авсан асуудал нь шийдэгдэхгүй таг болчихоод байна."
Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.