2020.12.11
Б.Бат-Эрдэнэ: Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Надад 3 асуулт байна.
АТГ авлигын эсрэг хууль батлагдаад олон жил ажиллалаа. Тодорхой үр дүн гарч байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөггүй цаг үе байсан. Одоо өгч эхэлснээр үр дүн их байгаа. Гэхдээ иргэдийн дундах судалгаагаар 60-аас доошгүй хувь нь авлига их байна гэж гарч ирдэг.
Авлигыг бууруулах чиглэлд хэд хэдэн ажил хиймээр байна. АТГ байгуулагдсан эхний он жилүүдэд урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх ажил их хийж байсан. Одоо эрч суларсан гэж үзэж байна. Учир нь авлигыг сууриар нь арилгасан улсуудыг харвал хэрэглээн дээр хяналт тавьдаг. Тансаг хэрэглээгээ тайлбарлаж чадахгүй хөрөнгөө хураалгадаг. Энэ жишгийг авч болохгүй юу?
Дуулиантай хэргүүд яригдаад чимээгүй болдог асуудал байна. Эрдэнэтийн луйвар хаачив? 51%-тай холбоотой асуудал ч байна. Шүүхээр шийдэгдсэн гэх ч хохирлыг хэн барагдуулах вэ? үүний уршгаар улс нийгэмд учирсан хор хохиролыг барагдуулах ажил хийгдэхгүй байна. Төрийн өмчит компаниудын асуудал сүүлийн үед яригдах боллоо. Хүүхдээ сургасан, өрөөндөө үнэтэй тавилга авсан гэх мэт. Үүнийг яагаад шийдэгдэхгүй байна вэ?
Олон нийтийн дунд яригдаад байгаа авлигын хэргийн асуудлыг эцэслэн мухарладаг арга байна уу?"
Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.