Х.Ганхуяг: Улсын төсвөөс аймаг, сумдад татаас өгдөг зүйлийг болиулчихвал бизнесээ дэмжинэ
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа. Улсын төсвөөс аймаг, сумдад татаас өгдөг зүйлийг болиулчихвалс орон нутаг бизнесүүдээ дэмжинэ, ажлын байр бий болгоно.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Орон нутагт татвар тогтоох, бонд гаргах, концесс байгуулах эрх мэдлийг олгож байгаа нь нэгдмэл улсын бодлоготой зөрчилдөх эрсдэлтэй гэдгийг зарим гишүүдийн зүгээс хэлж байсан. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлж өгч байгаа юм. ААН-ийн орлогын албан татварын 40 хувь, газрын хураамж, үл хөдлөхийн хураамж зэргийг орон нутагт үлдээхээр орон нутгийн төсөв нэмэгдэнэ. Дээрээс нь бонд гаргах, концесс гаргах эрхийг нээж өгч байгаа.
Нэг талдаа орон нутгийн орлого нь нэмэгдчихсэн, нөгөө талд нь зээл авах үүд хаалгыг нь нээгээд өгчихөж байна. Зээл авах үүд хаалгыг нь нээгээд өгчихөөр дөрвөн жилийн дараа баахан өр тавиад Засаг дарга нь буугаад явчихдаг. Яг л 2012-2016 оны хооронд болсон үйл явдал давтагдана. Улсын төсвийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн орон нутгийн төсвийг юу юунаас бүрдэхийг нь оруулж байгаа.
Орон нутагт өөрийн татвар хураамжаас гадна улсын төсвийн санхүүгийн дэмжлэг, улсын төсвөөс өгөх санхүүгийн төлбөр гээд хоёр зүйл нэмэгдээд орчихож байгаа юм. Ингээд мөнгө дутвал улсын төсвөөс авна гэсэн үг. Татвараа нэмчихлээ, орлого нь нэмэгдчихлээ.
Гэхдээ нэг ч төгрөгийн орлого байхгүй мөртлөө Засаг дарга нар машинаа сайжруулдаг жишиг гэмээр зүйл өдийг хүртэл явсаар ирсэн. Сумынх нь төсөв нойл заачихсан байхад дарга нь унах унаа худалдаж авдаг. Одоо бүр орлого нь нэмэгдчихээр өрөөгөө тохижуулна, байшингаа томруулна.
Сонгуульд нь явсан хүмүүст албан тушаал гаргаад өгчихнө. Мөнгө нь дутаад ирэхээр зээл авчихна. Хоёр юм уу, дөрвөн жилийн дараа зээлээ төлөх гэхээр мөнгөгүй гээд суучихна. Аймаг дампуурах гээд ирэхээр улсын төсвөөс мөнгийг нь авч төлнө л гэсэн үг. Ийм үүд хаалга нээгээд өгчихсөн.
Хэрвээ дээр дурдсан боломжуудыг нь өгч байгаа бол улсын төсвөөс гэдгийг онцгой тохиолдолд өгдөг байхаар зүйл заалт оруулахгүй бол зээл аваад улсын төсвөөс төлүүлдэг зүйл рүү явна. Ж.Сүхбаатар гишүүн Сангийн яамнаас зөвшөөрөл авч явна гэж байна лээ. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт дандаа дарга нарын аймаг руу л хийгддэг. Тэгэхээр зээл авах тал дээр мөн адил байх болов уу. Орон нутгийн удирдлага ханатлаа бондоо гаргаад дөрвөн жилийн дараа улсын төсвөөс мөнгийг нь өгдөг ийм үүд хаалга нээчихлээ.
Ямар журмаар аймгуудад бонд гаргах эрхийг өгөх вэ?
Бонд гаргахтай холбоотой журам гаргана. Гэхдээ олгох эрхийг нь өгчихсөн юм чинь олгох журам л гарна. Тэр нь нэг дарга шийддэг л журам өгнө гэсэн үг.
Өрөө төлж чадахгүй нөхцөлд хариуцлага тооцох зүйл яригдах уу?
Орон нутагт эрх мэдлийг хангалттай өгч байгаа хэдий ч хариуцлага тооцох зүйлсийг орхигдуулсан. Өрөө төлж чадахгүй бол засаг даргыг огцруулдаг ч юмуу тийм зүйл байх ёстой. 2024 оноос энэ хууль хэрэгжихээр 2028 онд хэд хэдэн аймаг нь дампуурлаа зарлана.
Дараа нь улсын өр, орон нутгийн өр гэж ихээхэн хэмжээнд хүрчихсэн тийм л дүр зураг харагдаж байна. Хариуцлага нэмэгдүүлэх асуудал хаалганы цаана үлдчихлээ. Дараагийн сонгуулиа хараад л хийчихэж байгаа юм. Үүнээс ямар үр дүн гарах гээд байгааг цөөхөн гишүүн л харж байна. Баахан өр ширтэй аймаг бий болоод дараагийн Засаг дарга нь өр ширтэй аймаг хүлээж авах эрсдэлийг олж харсангүй.
Сумдыг нэгтгэх асуудлыг энэ хуулиар оруулж ирэх нь зөв гэж зарим нэг гишүүдийн зүгээс илэрхийлж байсан. Сумдыг нэгтгэх зүйл заалт бий юү?
Одоо энэ хуульд тусгагдаж чадсан авууштай зүйл нь 2024 оноос 2500 ба түүнээс дээш хүнтэй байж сум болно гэдэг зүйл заалт оруулсан. Ингэснээр олон жижиг сумд байхгүй болно. Тэгэхээр захиргааны зардал ч багасна. 1000 хүн амтай сумдад 640 хүүхдийн сургууль барьчихдаг буруу жишиг өнөөдөр манайд байдаг. Төсөв гэдэг иргэдийнхээ тоо суурьшмал бүсээс хамаарч оногддог байх ёстой. Төсвийн энэ мэт үр ашиггүй төсвийн зарцуулалтыг зогсооё гэсэн ч хуульдаа яг тодорхой зүйл заалт орсонгүй.
Таны хувьд аймаг, сумдад улсын төсвөөс татаас өгдгийг зогсоох хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байсан. Өнөөдөр манай улсад 21 аймгийн таван аймаг, 330 сумын 20 гаруй нь л өөрийгөө санхүүжүүлж явдаг гэх тооцоо судалгаа байна лээ.
Улсын төсвөөс татаас өгдөг зүйлийг яагаад болиул гээд байна гэхээр орон нутагт орлого нэмэгдэх боломж нь бий болчихлоо, тэгэхээр орон нутгийн засаг захиргаа татварын бааз сууриа яаж нэмэгдүүлэхээ бодож эхэлнэ.
Бизнесүүдээ дэмжинэ, ажлын байр бий болгохыг дэмжинэ. 50, 60-хан хүнтэй багийг татан буулгана. Данхар орон нутгийн засаг захиргааны нэгжийн бүтцийг багасгана.
Хүн ам, зах зээл багатай сумд нэгдээд нэг сум болчихъё гэх тал руугаа явна. Эдийн засгийнх нь хөшүүргээр явна гэсэн үг. Жишээлбэл, аймаг орон нутагт ажиллаж байгаа уурхайг хэн нэгэн очоод хаахад орон нутаг нь хамгаалдаггүй. Гэтэл уул уурхай тэнд ажлын байр бий болгож байдаг, татвараа төлдөг, малчдаас нь мах, сүү худалдаж авдаг. Улсын төсвөөс мөнгө өгөхийг нь болиулаад орон нутагт өгч байгаа эрх мэдлийг нь өгөөд явбал аймгийн Засаг дарга уул уурхайн компанитай тохиролцоо хийнэ. Яг аймагтаа хэрэгтэй зүйлсийг ярьж эхэлнэ. Одоо улсын төсвөөс мөнгө аваад байгаа болохоор бизнесийг дэмжсэн ч дэмжээгүй ч мөнгө нь ороод л ирнэ. Болохгүй бол өр тавьж байгаад мөнгө авчихна ийм л зүйл явсаар ирсэн ш дээ.
“Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд татгалзаж болно” гэсэн нь багаас эхлээд бүх засаг, захиргааны нэгжид үйлчлэх заалт нь тодорхойгүй байдал үүсгэх эрсдэлтэй талаар гишүүд мөн хэлж байсан.
Гүйцэтгэх засаглал нэг шугамаар хуулийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Ерөнхий сайд томилгоонд нь санал болгоно. Сонгох, сонгохгүй нь аймгийн ИТХ-ын мэдлийн асуудал юм. Сонгочихлоо гэхэд аймгийнхаа төлөө ажиллахаас өөр аргагүй.
Шүүхийн тухай хууль хэзээ хэлэлцэгдэж эхлэх бол. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа вэ?
Шүүхийн тухай хуульд маш их өөрчлөлт орж байна. Хуучин шүүх босоо тогтолцоотой байсан бол одоо хэвтээ тогтолцоотой болно. Анхан шат, давж заалдах шатны шүүхээр яваад дуусна. Түүнчлэн дээд шүүх рүү хүсэлт өгнө. Хүсэлтийг хүлээж авах эсэхийг дээд шүүх шийднэ. Ямар тохиолдолд хүлээж авах вэ гэхээр тухайн хэрэг дээр нэг зүйл заалтыг хоёр, гурван төрлөөр хэрэглэчихсэн байвал, нэг хэрэгт хоёр гурван өөр ял өгчихсөн байвал дээд шүүх авч татаад хэлэлцээд явна. Энэ нь илүү авлигаас хөндийрүүлнэ.
Хуучин шиг шүүх дээр удааширдаг процесс алга болно. Нэг хэргийг захиалгатайгаар нэг шүүгчид өгдөг зүйлийг алга болгож байгаа юм. Компьютерийн программаар шийддэг болно. ШЕЗ-ийн гишүүдийн тавыг нь шүүгч дундаас, тавыг нь УИХ-аас санал болгож томилно. Дээд шүүхийн 25 гишүүнийг 11 болгох эсэх маргаан явж байна. Дээд шүүх маргаан шийддэг бус илүү судалгааны онол зүйн хуулийн тайлбар талдаа ажилладаг болно гэсэн үг. Сахилгын хороог шүүгчдээс томилж, УИХ томилгоонд оролцоно. Шүүгчийн хийж болохгүй гэсэн 39 зүйл заалт орж байгаа. Гэхдээ энэ бүхэн эцэслэн шийдэгдээгүй байна.
Сэтгүүлч: Б.Номин-Эрдэнэ.