Автотээврийн салбарын ойрын зорилт
-УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын илтгэл-
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа !
Эрхэм хүндэт автотээвэрчид ээ !
Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа автотээвэрчид Та бүхэндээ Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.
Цэргийн яамны дэргэд 1923 онд 10 гаруй автомашинтайгаар анхны автогарааш байгуулагдаж, улмаар дараа жилээс нь Аж ахуйн яам болон Харилцан туслах Хоршоо зэрэг байгууллагууд цөөн автомашин авч, тээвэр хийх болсноор үндэсний тээврийн байгууллагуудын үндэс суурь бий болсныг Та бүхэн мэдэж байгаа.
Улмаар 1924 оны 11 дүгээр сард хуралдсан Монгол Улсын Анхдугаар Их хурлаар Тээх нэвтрүүлэх хэргийг эрхлэх тусгай газар байгуулах, уурын тэрэгдийг бэлтгэх, засварлах, хадгалах ажлыг сайжруулах шийдвэр гаргасны дагуу Засгийн газар Аж ахуйн яамнаас 7 автомашин бусад хөрөнгийг шилжүүлэн, Тээх нэвтрүүлэх газрыг 1925 оны 7 дугаар сарын 15-нд байгуулсан нь Монгол улсын автотээврийн салбарын үүсэл болж энэ цаг үеийг автотээврийн салбар үүссэн өдөр болгон тэмдэглэж ирлээ.
2005 онд Авто Тээврийн салбарын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснээс хойш манай салбарт гарсан өөрчлөлт, ажлын амжилтаас товч дурдахыг хүсэж байна.
Монгол Улсын Их хурал 1999 онд Автотээврийн тухай хууль баталсан нь Монгол оронд автотээврийн салбарт зах зээлийн харилцааг тєлєвшүүлэн хєгжүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндсэн хөшүүрэг болж байна.
Автотээврийн тухай хууль нь автотээврийн талаархи тєрийн байгууллагуудын бүрэн эрхийг зааглан тогтоосны зэрэгцээ ачаа, зорчигч тээвэрлэлтийн зохион байгуулалт, зохицуулалт, хяналтын нийтлэг журам, үндсэн зарчмуудыг тодорхойлж өгсөн юм.
Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, үйлдвэрлэх хүчин ба байгалийн баялагын жигд бус байршил, хүн амын тархай суурьшил, хот суурин газрууд хоорондоо алслагдсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан манай улсад зам авто тээврийн нийгмийн ач холбогдол, нөлөө хамаарал илүүтэй байдаг онцлог нь хэвээр хадгалагдаж байна.
Өнөөдөр манай улсын бүх төрлийн тээврийн салбарт нийт ажиллагсдын 4.5 хувь хамрагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 14.0 хувийг бий болгож байна. Тээврийн системд автотээвэр нь эдийн засаг, нийгмийн салбарын хүрээнд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, гүйцэтгэж байгаа ажлын цар хэмжээ, бизнесийн байгууллага, ажиллагсдын тоо зэрэг олон үзүүлэлтээр зонхилох байр эзлэж байна.
2009 оны байдлаар автотээврийн компаниуд 2000 оныхоос тээсэн ачааны хэмжээ 7,1 дахин, ачаа эргэлт 1,3 дахин зорчигчийн тоо 2,6 дахин, зорчигч эргэлт 4,2 дахин нэмэгдсэн байна.
Нийт тээврийн дүнд автотээвэр ачаа тээвэрлэлтээр 42.7 хувийг, зорчигч тээвэрлэлтээр 98.5 хувийг тус тус эзлэх болж автотээврийн салбарын гүйцэтгэсэн ажлын хэмжээ жилээс жилд ийнхүү өсч, улсын хэмжээний тээврийн дүнд эзлэх хувийн жин нь нэмэгдэн, зах зээлийн өмнөх үеийн төвшинд хүрэхэд ойртсон байна.
Монгол Улсад автомашин хүн амын өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болж, ялангуяа автомашин бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо улам олширч автомашинаар бизнес эрхлэгчдийн тоо ихээхэн нэмэгдлээ.
Үүнийг дагаж автотээврийн салбарын үйлчлэх хүрээ өргөжин тэлж улс, аймаг, хотын тээвэр зохицуулалтын албад, тээвэрлэгч байгууллага, иргэд зохион байгуулалттай мэргэжлийн чадварлаг нэгж болж бэхжих чиглэлээр нааштай алхмууд хийгдэж байна.
2008 онд ЗТБХБ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрыг, Аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Тээвэр, автозамын газрыг тус тус байгуулан ажиллуулсан нь тээвэр ,автозамын бодлогыг хэрэгжүүлэх чухал бүтэц бий болсон юм.
Монгол Улсын Автотээврийн тухай хуульд 2008 онд орсон өөрчлөлтөөр өөрт ашиг олох зорилгоор улс, нийгэм, хүн амын хэрэгцээний тээвэрлэлтийг гүйцэтгэж буй тээвэрчин нь тээвэрлэлтийн төрөл, ангиллаар мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага олгох сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх авсан, мэргэшсэн жолооч байхаар хуульчилсан нь нийтийн зорчигчдын тээвэрлэлт, тусгай үйлчилгээ (такси, жуулчин гэх мэт), улс хоорондын ачаа, зорчигчдын тээврийн жолооч нарын үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой, олон улсын нийтлэг жишгийг харгалзсан бодлогын арга хэмжээ юм.
Улс орон нээлттэй эдийн засгийн бодлого явуулж олон улстай эдийн засаг худалдааны харилцаа өргөжихийн зэрэгцээ ажил хэрэгч хүмүүс, жуулчдын зорчих хөдөлгөөн нэмэгдснээс улс хооронд болон хил залгаа аймаг мужийн хооронд зам тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдах боллоо. Монгол улс БНХАУ-тай хилийн 12, ОХУ-тай хилийн 29 байнгын ба байнгын бус ажиллагаатай гарц, боомтоор автотээврийн харилцааг зохицуулж байна.
Монгол Улс БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг 10 шахам оронтой олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулж, түүнчлэн зарим олон улсын конвенцид нэгдэн ,Олон улсын авто тээврийн холбооны гишүүнээр элссэн нь улс хоорондын тээврийг хөгжүүлэх эрэд чухал алхам болсон.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилтод үндэслэн нийслэлийн доторхи болон хот хоорондын нийтийн тээврийн үйилчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулснаар хувийн хэвшлийнхэн хот хоорондын зорчигчдын тээвэрлэлтийг дангаараа, хотын доторхи зорчигчдын тээвэрлэлтийн 60 гаруй хувийг гүйцэтгэх боллоо.
1970 онд байгуулагдсан эдүгээ 40 жилийн ойтоогоо золгож байгаа Тээврийн эрдэм шинжилгээний институт нь зам, тээвэр, нефть хангамжийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн олон ажлыг үр бүтээлтэй хийж шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлэх, салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлж норм, норматив, стандарт боловсруулах, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд эдүгээ тээврийн салбарт зөвхөн эрдмийн зэрэгтэй хүмүүс 30 гаруй ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2009 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын 400 автобусаар паркийн шинэчлэл хийж, “Цахилгаан тээвэр” компани өөрийн үйлдвэрлэлийн баазад түшиглэн цахилгаан тээврийн хэрэгсэл троллейбус, дуобус угсарч ашиглаж эхэллээ.
Мөн монголд анх удаа угсарсан (үйлдвэрлэсэн) цахилгаан тээврийн хэрэгсийг экспортод гаргаж, зарим автозамын уулзварыг өөр өөр түвшинд барих, улс хоорондын автозамын дагуух дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд улс хоорондын зорчигч тээврийн автовокзал байгуулах, Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурт улс хоорондын ачаа тээврийн терминаль аж ахуй, гаалийн баталгаат агуулах байгуулах зэрэг ажлын эхлэлүүд тавигдаж байна.
Өнөөдөр автотээврийн салбарт ажиллагсдын хүний нөөцийн бодлогын асуудал, ажлын байрны баталгааг хангах, осол зөрчлийг бууруулах, илүү олон цагааражиллахыг хязгаарлах, цалин хөлс, нийгмийн асуудлыг цогц байдлаар үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг тулгамдсан асуудал байсаар байна.
Автотээврийн салбарт автотээвэрчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тээврийн салбарын менежментийг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго бүхий нийгэмд үйлчилдэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Автотээвэр, автоүйлчилгээний салбарын ажиллагсдын багагүй хэсэг нь албан бус хэлбэрээр ажил эрхэлдэг тул хөдөлмөрийн гэрээгүй, нийгмийн даатгалд хамрагдаагүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй орчинд цалин хөлс, орлого нь батлагаагүй, засварчдын зарим нь мэргэжлийн бус ажиллаж байгаа байдалд дүгнэлт хийж, салбарын хэмжээнд төр, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн нийгмийн түншлэлийг бэхжүүлэн хөгжүүлэх асуудлыг анхаарч байна.
Иймд доорх хэдэн асуудлыг анхааралдаа авч холбогдох байгууллагуудад хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
- Тээврийн салбарыг 2021 хүртэл хөгжүүлэх стратегийн бодлого, чиглэл, зорилтыг тодорхойлж улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт болон дамжин өнгөрөх тээврийг өргөжүүлэн хөгжүүлэх, мянганы замын сүлжээ болон замын дэд бүтцийг байгуулах, Улаанбаатар хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, автотээврийн хэрэгслээс хүрээлэн байгаа орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
- Монгол Улсын төр, засгаас нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж тогтворжуулах талаар хэрэгжүүлэж байгаа арга хэмжээний үр дүнд ойрын жилүүдэд ашигт малтмалын стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, аж үйлдвэрийн парк байгуулах, орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөрш орнуудтай эдийн засаг худалдааны харилцааг улам өргөжүүлэх ажил эрчимтэй өрнөж байгаатай холбогдуулан тээврийн салбарын ажил үйлчилгээний цар хүрээ улам нэмэгдэх хөгжлийн боломжийг цаг алдалгүй ашиглаж, салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, автотээврийн байгууллагуудын гадаад ,дотоод зах зээлд өрсөлдөн тээвэрлэлтийн хэрэгцээг хангахуйц чадавхийг бүрдүүлэх нь чухал байна.
- Автотээврийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор авто үйлчилгээний сүлжээг өргөжүүлж, техникийн үйлчилгээ, засварын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, автомашины эд ангиудыг сэргээн засах төрөлжсөн засварын газрууд, зарим эд ангийг шинээр хийх хувийн өмчид тулгуурласан жижиг үйлдвэрүүд хөгжих бололцоо нээх, авто үйлчилгээний компаниудыг ангилал, зэрэглэлтэй болгож үйлдвэрлэл-техникийн баазыг нь бэхжүүлэх, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлж мэргэшүүлэх, авто үйлчилгээний байгууллагын ажил, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүд авах шаардлагатай байна.
- Монгол Улс 2010 оны байдлаар 224,1 мянган автомашинтай байгаа нь автомашины тоог 2009 оныхыг 2000 оныхтой харьцуулахад автомашины тоо 2,7 дахин нэмэгдэж, өнөөдөр Монгол улсад автомашин хүн амын өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон учир тээвэр эрхлэгч байгууллагууд болон аймаг, хотын тээвэр зохицуулалтын албад бүтэц бүрэлдэхүүнээ чадваржуулан мэргэжлийн ажилтнаар бэхжүүлэн үр ашигтай ажиллуулах нь зүйтэй.
- Мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын материал, техник хэрэгсэл бий болгох, багшлах бүрэлдэхүүнийг сонгох, дадлагын бааз, автодром, зохих ангиллын тээврийн хэрэгсэл бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна.
- Монгол улсын Засгийн газрын 2008 онд баталсан “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж далайд гарцгүй Монгол улс дэлхийн хоёр том гүрний хооронд Ази,Европ тивийг холбон оршдог стратегийн ач холбогдол бүхий байршлаа эх орныхоо хөгжилд үр дүнтэй ашиглан тээвэр логистикийн үйлчилгээг транзит хөгжлийн гарц болгох, улс орны дотоодын болон дамжин өнгөрөх ачаа зорчигч тээвэрлэлтийг орчин үеийн түвшинд байнга гүйцэтгэх чадавхийг бий болгох нь зүйтэй.
- Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн тогтолцоог олон улсын нийтлэг дүрэм, журамд нийцүүлэх, тээврийн хэрэгслийн улсын тоо бүртгэл болон техникийн хяналт, мэдээллийн системийг боловсронгуй болгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хөнгөн шуурхай нэг цэгийн (нэг цонхны) үйлчилгээгээр хангахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч үйл ажиллагааг нь улам сайжруулах хэрэгтэй байна.
Монгол орны хувьд тээврийн бусад салбаруудаас хамгийн өргөн хүрээг хамарч Автотээврийн салбар нь ( хаалганаас -хаалганд ) тээврийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд улс, хот, хот хооронд болон орон нутагт тээвэрлэлтийн үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай боллоо.
Автотээврийн салбарын үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, ойрын ирээдүйд техник, технологийн шинэчлэлт хийж автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилт та бидний өмнө тавигдаж байна.
Манай үе, үеийн автотээвэрчид салбарынхаа өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудаа даван туулж, эрхэлсэн ажил үйлсдээ өндөр амжилт гарган ажиллаж ирсэнийг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.
Манай орны автотээвэрчид улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөөх үйлсэд ямагт тэргүүн эгнээнд манлайлан оролцож байсан түүхэн уламжлалаа улам бататгаж тавьсан зорилтоо биелүүлж, автотээврийн салбарыг хөгжүүлж, улс орон хүн ардынхаа тээврийн үйлчилгээг найдвартай ханган гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан нийт автотээвэрчид та бүхэнийхээ ажил хөдөлмөрт өндөр бүтээл, их амжилт,амдралд тань аз жаргал эрүүл энх, сайн сайхныг бэлгэдэн ерөөе.
Тээвэрчид та бүхний минь алтан шар зам өлзийтэй, аяны жолоо дээшээ байх болтугай.
Улаанбаатар хот
2010 оны 7-р сарын 16