2010.07.07

Зүүнхараагийнхан 300 хүний суудалтай спортын ордноо ашиглалтад хүлээн авлаа

Улаанбаатар-Дарханы замаас Зүүнхараа хүртэлх 45 км замын ажил хугацаандаа дуусч, нээлтээ хийлээ. Монголын замын компаниуд гуравхан сарын дотор энэ ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Нээлтийн ажиллагаанд Зүүнхараа хотын захирагч Б. Цээпилдорж, "Сентерра гоулд Монголиа" ХХК-ийн Ерөнхийлөгч Ж. Казакоф, Сангийн сайд С. Баярцогт, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, О. Чулуунбат нар болон аймаг, сумын удирдлагууд оролцлоо.

 

Зуүнхараа хот буюу Мандал сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, "Сентерра гоулд Монголиа" ХХК 9 тэрбум төгрөгөөр ивээн тэтгэж, Монголын замын компаниудын богино хугацаанд барьсан энэ зам Зүүнхараачуудын хөгжлийн түүчээ болохоор биеллээ оллоо. Нээлтийн ажиллагаанд оролцсон Сангийн сайд С.Баярцогт "Эдийн засгийн уналт үргэлжилж, хун бүр бүсээ чангалж байгаа энэ үед ийм том бүтээн байгуулалт босч байгаа нь нэр төрийн хэрэг юм" гэдгийг дурдаад, "Сонгуульд нэр дэвшсэн бүхэн энэ замыг барьж өгнө гэж амладаг байсан. Одоо л ажил хэрэг боллоо" гэдгийг онцолсон юм.

 

Үнэхээр ч энэ замыг Зүүнхараачууд хүсэн хүлээж байсныг нээлтийн ажиллагаанд оролцсон хүн бүр хэлж ярьж байлаа.

 

Хотод суурьшсан Зүүнхараагийн иргэн нэгэн бээр замын нээлтэд оролцохоор өглөө яаран гарсан ба өмнө нь 5-6 цаг явдаг байсан газартаа хоёр гуравхан цаг давхиад ирсэндээ итгэхгүй "Арай л эрт ирчихжээ. Сайхан дардан зам тавигдсан байна" хэмээн шагширч зогссон юм. Энэ замаар 30 жил тээвэр хийсэн ахмад тээвэрчин Д.Гомбосүрэн гуай "10 тонны ачаатай машин бороо орсны дараа Бороо голын гүүрний наана, цаана өнждөг байсан. Ийм сайхан зам тавьсан компаниудад баярлаж байна" хэмээн хуучилж байсан юм. Зуүнхараа хотын захирагч Б. Цээпилдорж "Энэ замаар зорчиж буй Зүүнхараачууд нутаг орныхоо төлөө ихийг бүтээх ирмүүн хүслээр цэцэглэж, ирээдүйгээ итгэл дүүрэн харах буй за" гэдгийг бахархан өгүүлж зогссон.

 

Замын ажлыг хийж гуйцэтгэсэн "КТК" ХХК-ийн Ерөнхий захирал П.Эрдэнэ "Яг жилийн өмнө буюу долдугаар сарын 11-нд Зүүнхараа орохоор ирэхэд Бороогийн гүүрэн дээр 20-иод машин шаварт суучихсан, ганц трактор бүгдийг нь татаж авахаар явж байсан" хэмээн дурслаа. 9.9 км замын ажлыг хийж гүйцэтгэсэн "Арж капитал" ХХК-ний Ерөнхий захирал Х. Мөнх-Эрдэнэ "Зам барих, замын чулуу түүхийг монголчууд буян хийж байна гэж үздэг. "Сентерра гоулд Монголиа" ХХК их буян хийлээ гэж ойлгож байна" хэмээн сэтгэл дүүрэн хэлж байсан.

 

"Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.ХАШБААТАР:

 

-Канадын хөрөнгө оруулалттай "Сентерра гоулд Монголиа" ХХК Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хамгийн чухал нь хэмээн ярьж байсан. Үнэхээр ч үүнийг баримталж эхлэхэд бүтээмж нэмэгдэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэдгийг бид ойлгож авсан. Мөн шороо авах нэрийдлээр карьер ухчихаад тэр чигээр нь хаядаг газар цөөнгүй бий. "Сентерра гоулд Монголиа" ХХК-ийн удирдлагууд карьераа нөхөн сэргээ гэсэн шаардлага тавьсан. Бид энэ ажлыг удахгүй хийж байгалиа байсан төрхөөр нь эргэж сэргээнэ. Тавьж буй зам дээрээ яв гэсэн хачин шаардлага тавьсан. Гэхдээ ингэж тавьснаар байгаль орчныг хэвээр нь хадгалахад их чухал юм билээ. Хэрэв бид нар зам тавих гэж байгаа нь энэ гээд хаа дуртай газраараа явсан бол Лүнгийн зам шиг болох байсан байх. Бас нэг онцлог зүйл бол Монголд анх удаа геотекстелийг 10 км зам дээр ашигласан явдал гэж үзэж байна. Энэ материалыг ашигласнаар зам эвдэрдэггүй, дэржигнүүр үүсдэггүй сайн талтай. Энэ шинэ технологийг бид сур-сандаа баяртай байгаа. Эцэст нь хэлэхэд мөнгө нь байвал замыг цагт нь чанартай хийж чаддаг гэдгийг бид харууллаа. Бид нар өмнө нь замын мөнгөө авах гэж дунджаар 15 хүний гарын үсэг зуруулдаг байсан. "Сентерра гоулд Монголиа" ХХК-ийн хувьд шат дамжлага цөөтэй, мөнгөө цагт нь гаргаж өгч байсан нь бидний ажилд их урам нэмж байлаа хэмээн ярьсан юм.

 

Зам дагаж хөгжил гэдэг. Энэ зам тавигдсанаар Зүүнхараа хотын хөгжлийн хурд улам нэмэгдэх нь гарцаагүй юм.

 

Замын нээлттэй зэрэгцэн Зуүнхараа хотод 300 хүний суудалтай спортын ордны нээлт боллоо. Энэ ордны ач холбогдлыг "Олимпийн тэнгэрт Зүунхараа хотын нэрийг дуурсгах их дэвжээг нээж байгаадаа эргэлзэхгүй байна" гэж Захирагч Б. Цээпилдорж онцлон хэлсэн юм. Хөрөнгө мөнгөний тал дээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж. Эрдэнэбат, тус аймгаас сонгогдсон гурван гишүүн, Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Бороо гоулд" ХХК тусалснаар ийнхүү улсын жишиг болохоор спорт комплекс ийн сүндэрлэжээ. Спортын ордон байтугай шаардлага хангачихаар хурлын заалгүй сум олон бий. Гэтэл энэхүү спортын ордонд өнөөдөр Мандалчууд дан ганц сагс, волейбол тоглоод зогсохгүй, жудо, таеквондо, уран гимнастик, ширээний теннис гээд бүхий л спортын тоног төхөөрөмжөөр өвч тоноглогджээ. Ширээний теннис гэхэд дэлхийн аваргуудыг бэлтгэдэг, тусгай тохируулгатай, бөмбөг шидэгчтэй ширээ байсан нь анхаарал татаж байлаа.

 

Усан бассейний хувьд Улаанбаатар хотын төв бассейнээс дутахгүй, Сэлэнгэдээ дээгүүрт орохоор сайхан байгууламж барьжээ. 450 куб метрийн багтаамжтай, 25 метрийн өргөнтэй энэхүү усан бассейний дугуйланд одоогоор бусад дугуйлан, секцээс хамгийн их буюу 250 хүүхэд хичээллэхээр бүртгүүлсэн байна.

 

"Сентерра гоулд Монголиа" ХХК-ийн Ерөнхийлөгч Ж.КАЗАКОФ:

 

-Бид Зүүнхараа буюу Мандал сумтай хамтран олон бүтээн байгуулалтыг хийж байгаагийн хоёрынх нь нээлт өнөөдөр болж байгаад их баяртай байна. Сэлэнгэ аймаг болон Мандал, Баянгол сумын хөгжилд зориулан жил бур 750 мянган доллар өгдөг. Энэхүү мөнгөөр томоохон бүтээн байгуулалтаас гадна жижиг, дунд бизнесийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон ажил хийгдэж байна. Бид өнгөрсөн жил татварт төлсөн хэмжээгээрээ улсдаа тэргүүлсэн. Цаашид бид Монголд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, татварт төлдөг хэмжээгээ хэвээр хадгалахыг хүсэж байна хэмээсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.