БШУЯ-ны удирдлагын багтай хуралдав
2021.02.01
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажлаа гурав хоногт эрэмбэлнэ
Шинэ Засгийн газар бүрдэж, өнгөрөгч баасан гарагт сайд нар УИХ-д тангарагаа өргөн, тамгаа хүлээн авсан. Энэ удаагийн Засгийн газар эрч хүчтэй залуу Ерөнхий сайдаар тэргүүлүүлж байгаа бөгөөд салбар бүрийн сайд нар ажлаа богино хугацаанд хүлээн авч, эмхлэн танилцаж, онцгой нөхцөлд, хурдатай ажиллахыг нийгэм шаардаж байгаа.
Шинэ Засгийн газарт сайдаар томилогдсон туршлагатай хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан билээ. Тэрээр Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдож, ажлаа шуурхайлан эхэлжээ.
Тэрээр томилогдсон даруйдаа Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга газар, хэлтсийн дарга нартай уулзлаа. Ингэхдээ 3 хоногт ажлаа эрэмбэлнэ. Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн салбарын лоббинд орохгүй, элдэв шантаажыг үл тоож ажиллана гэдгээ онцоллоо.
Түүнчлэн бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого, зөв шийдлийг эрэлхийлж, хамт олны дулаан, эрч хүчтэй уур амьсгал дунд ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Түүний хувьд өөрөөсөө улс төрийн манлайллыг, салбарынхнаасаа мэргэжлийн манлайлыг нэхэж ажиллах нь эндээс харагдаж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn