Ц.Мөнхцэцэг: Ажлын байран дахь БЭЛГИЙН ДАРАМТТАЙ эвлэрэхгүй
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн ажилчдад бэлгийн болон ажлын байрны дарамт үзүүлдэг гэх асуудал сөхөгдөж, олны анхаарлын төвд байна.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд хүний эрхийн аливаа зөрчил, тэр дундаа ажлын байран дахь бэлгийн дарамттай эвлэрэхгүй гэдгээ илэрхийлж байна. Бэлгийн дарамт бол эрх мэдэлд суурилсан гэмт хэрэг. Албан тушаал, алдар хүнд, эд хөрөнгийн давуу талаа ашиглан хохирогчийг бэлгийн дарамтад оруулдаг, хохирогч сэтгэл санаа, нэр төр, ажил амьдралаа золиослоход хүрдэг ноцтой үр дагавартай гэмт хэрэг юм.
Нөгөө талаар бэлгийн дарамт нь зөвхөн эмэгтэй ажилтнуудад тулгарах зүйл биш, эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүн хохирогч болж болзошгүй асуудал. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил билээ.
Тийм учраас ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал, зөвхөн эмэгтэй гишүүд дуугарах ёстой гэж шаардах биш, УИХ-ын гишүүд бүгд дуугарч, хүний эрхийн зүтгэлтнүүд, олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх нь чухал байна.
Хүний эрхийн төлөө зүтгэж буй, дуу хоолойгоо өргөж буй хүмүүс төрийн өмгөөлөл хамгаалалд орох эрх зүйн орчныг бид хэдхэн хоногийн өмнө баталсан Хүний эрх хамгаалагчийн тухай хуулиар бий болгосон.
УИХ-ын гишүүний хувьд цаашид ажлын байран дахь бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд өгөх ялыг чангатгах тухайд өдгөө үйлчилж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд холбогдох заалтуудыг оруулж, анхааран ажиллах болно.