Д.Сумъяабазар: Өөрсдийгөө болон үр хүүхдээ халдвар авахаас хамгаалж, вакциндаа идэвхтэй хамрагдаарай
Нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдаж, сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо нийслэлийн хэмжээнд тогтвортой байна. Хариу арга хэмжээний баг батлагдсан тохиолдол дээр очиж, ойрын хавьтлыг тогтоох, эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай бол эмнэлэгт шилжүүлж, өрхийн эмчийн хяналтад авч байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Тухайн өдөрт халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 90 гаруй хувийг 24 цагийн дотор хяналтдаа авч байна. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 2884 хүн бий. Өдөрт шинжилгээний зургаан цэг, амралтын өдрүүдэд гурван цэг ажиллаж байгаа” хэмээн ярилаа.
Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сарын 8-н гэхэд нийслэлийн иргэдээ I тунд хамруулж, II тунг тавдугаар сарын 29 гэхэд хийж дуусгахаар төлөвлөсөн. Нийт 120 цэгт өдөрт 75 мянга гаруй хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж, 2000 гаруй эмч, ажилтан ажиллаж байгаа юм. Гэвч нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна. Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдалт муу, өнөөдөр л гэхэд 75 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 47971 хүн вакцин хийлгэжээ.