2021.07.06

Г.Амартүвшин: Байгаль орчны яамны үе үеийн удирдлагууд нийслэлийг хорлосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалттай холбоотой ойлгомжгүй асуудал байна. Салбар яам нь дэд бүтцээ хариуцна гэж байгаа боловч зарим заалт дээр нь нийслэл хариуцна гээд орчихсон. Үүнийг тодруулах шаардлагатай гэж бодож байна. 

Газар олголт болон барилгын асуудал бас байна. Олон зуун өрхийн барилгын хороолол барьсан барилгын компаниуд цэцэрлэг, сургуулийн асуудлыг давхар шийдэж байх ёстой гэж шаардлага тавих хэрэгтэй. Зөвшөөрлийг нь олгохдоо үүнд заавал анхаарах шаардлагатай. Улсын төсөвт цэцэрлэг, сургууль барих төсөв суулгадаг боловч газар нь олддоггүй. 

Зайсан, яармагийн газрын маргааны асуудал бас байна. Байгаль орчны яамны үе үеийн удирдлагууд нийслэлийг хорлосон.Замбараагүй газар олгож, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж Зайсан, Яармагт эзэмших биш ашиглах зөвшөөрөлтэй иргэд татварыг нь төлж дийлэхгүй, дэд бүтэц нь байхгүй, эдийн засгийн эргэлтэд өөрийн эзэмшлийн байр, газраа эргэлтэд оруулж чадахгүй нөхцөлд орсон байна. 

Мөн явган хүний зам болон дугуйн замын асуудал байна. Дугуйн зам гэж инээдтэй. Ямар ч стандарт байхгүй ийм зүйл хиймээргүй байна. Дугуйн замаар нь дугуйтай хүн байтугай явган хүн явах ямар ч аргагүй болгочихсон. Замын нөхцөл ийм хэцүү байгаа нөхцөл энэ явган хүний замын асуудлыг шийдэх хэрэгтэй. 

Эрх мэдлээ нэлээн нэмсэн боловч хариуцлагын асуудал ерөөсөө яриагүй. Хариуцлагын заалтуудыг хангалттай оруулаагүй байна гэж харж байгаа. Энэ тал дээр ажлын хэсэг анхаарч ажиллах хэрэгтэй. 

Түүний асуултад анд ТББХ-ны дарга Ж.Мөнхбат хариулав.