Ариутгал, халдваргүйжүүлэлтэд 380 сая төгрөг шаардлагатай
Ойрын өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хийгдсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комисс өчигдөр хаалттай хуралдлаа. Хуралдааны дараа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд товч мэдээлэл хийв.
Энэ сарын 17, 21-ний өдрүүдэд нийслэлд орсон аадар борооны улмаас 520 га талбайд ариутгал хийх шаардлагатай байгаагаас 100 га-д ариутгал, халдваргүйжүүлэлт хийгджээ. Үлдсэн талбайг ойрын үед цэвэрлэж, ариутгахыг холбогдох хүмүүст даалгасан бөгөөд энэ ажилд 380 орчим сая төгрөг төсөвлөөд байгаа аж.
Шадар сайдын хэлснээр ариутгалын ажлыг хариуцаж байгаа байгууллагуудын мэргэжлийн уялдаа холбоо сайнгүйгээс ажил удаашрах хандлагатай байгаа тул Мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын төв, Эрүүл мэндийн яаманд ажлаа эрчимжүүлэхийг даалгасан байна. Түүнчлэн үерийн ам, далан, далан суваг дээр суурьшсан 2800 рхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаагаас 423 өрхийг нэн яаралтай буюу ойрын 3-4 өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ ажилд шаардагдах 171 сая төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэж, одоогоор 70 орчим айлыг нүүлгээд байна. Эдгээр айлыг нүүлгэж, суурьшлын шинэ бүс тогтоосон зургаан цэгт буулгах аж. Харин инженерийн байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, далан, ус зайлуулах байгууламж бүхий 19 объектэд хийгдэх 800 сая төгрөгийн засвар, үйлчилгээний ажлын 60 хувь нь хийгджээ.
Цаашид энэ ажлын гүйцэтгэлийн хугацааг богиносгож, богино хугацаанд засч сэргээхийг холбогдох төрийн байгууллага болон ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгожээ. Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд нийт нутгаар баруунаас төвийг дайрсан аадар бороо үргэлжлэн орох тул хаа хаанаа бэлтгэлээ хангаж, сонор сэрэмжтэй байхыг ч мөн анхааруулав. Дашрамд дурдахад, үерийн улмаас хохирсон хүмүүст туслах хандивын данс Онцгой байдлын ерөнхий газарт нээгдсэн гэнэ. Үерийн улмаас орон гэргүй болсон хүмүүст 136 гэр олгосон ба гэр олгох ажиллагаа үргэлжлэх аж.
Мөн энэ сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд үерийн уршгаар 18 хүн амь эрсэдсэн нөхцөл байдлын газар дээр нь ажилласан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тайлантай танилцаж, үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, ариутгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улсын хэмжээнд нийт хохирлын хэмжээг бүрэн тооцоолоогүй ч яаралтай аврах болон бусад ажиллагаанд Засгийн газрын нөөцөөс нийт 1.4 тэрбум төгрөг гаргаад байгаа аж. Түүнээс гадна нийслэлийн Засаг даргын төсвийн багцаас 200 гаруй сая төгрөг гаргажээ.