МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хохирлыг арилгах талаар авч байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Батлан хамгаалах яам, Улаанбаатар хот, болон Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа. Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотод болсон байгалийн гамшигт үзэгдлийн хохирлыг арилгахаар мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байгаа тухай холбогдох албаныхан Ерөнхийлөгчид танилцуулсан юм.
Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорын хэлснээр, Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу нөхөн сэргээх ажлыг цаг алдалгүй хийж эхэлжээ. Үерт амиа алдагсдын ар гэрт буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, тус бүр нэг сая төгрөгийг Засгийн Газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа. Говь-Алтай аймагт Засгийн газрын төлөөлөгч ажиллаж байна. Улаанбаатарт 3 гүүр эвдэрснээс, Морингийн давааны гүүр ашиглах боломжгүй болжээ. Шувуун фабрикийн болон Зайсангийн гүүрүүдийг хаасан байгаа.Баянзүрх дүүрэгт тасарсан цахилгааны шугамыг засах ажлыг өнөөдөр 16 цаг гэхэд дуусгахаар ажиллаж байгааг танилцууллаа. Одоо тус дүүргийн Алтан-Өлгий хавьд 50 орчим айл гэрэл цахилгаангүй байгаа юм байна. Зайсанд мөн бохирын болон цахилгааны шугам тасарч, гэмтжээ. Шувуун Фабрикаас Био комбинат хүртэл мөн айлууд гэрэл цахилгаангүй хоносон. Өнөөдөртөө багтаагаад гэрэл цахилгааныг залгаж чадна гэж ЗГХЭГ-ын дарга Б.Долгор ярилаа.
Улаанбаатар хотод хохирлын хэмжээг нарийвчлан гаргахад хүндрэлтэй байгаа тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тайлбарлалаа. Хотын гүүрүүдийг засахад доод тал нь 1 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог урьдчилсан байдлаар хийгээд байгаа юм байна. Сэргэн засах явцад гарч байгаа хүндрэлүүдийн нэг нь хотын газар доорхи байгууламжууд буюу траншей, нүх, суваг шуудуунууд лаг шавраар дүүрчихээд байгаа явдал болж байна. Батлан хамгаалах салбараас болон хувийн хэвшлийхнээс хүч нэмэгдүүлж яаралтай цэвэрлэх ажлыг цал алдалгүй хийж байна гэж Засаг Дарга танилцууллаа.
Ирэх долоо хоногт мөн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороотой байх төлөвтэй байгаа тухай урьдчилсан мэдээ гарч байгаа. Иймээс цаг агаарын мэдээг хөдөөгийн малчид тариаланчдад хүргэх ажлыг хийж байгаа юм байна.
Ерөнхийлөгч мэдээллийг сонсоод, нөхөн сэргээх, хохирлыг барагдуулах ажлыг цаг алдалгүй хийх, төсвийн мөнгө хараад суулгүй иргэд байгууллагуудын тусламж хандивыг эздэд нь хүргэх ажлыг хийх талаар санал солилцлоо.
Үйл явдалтай холбоотой зарим тоо баримт: Энэ сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт болсон үерт 18 хүн осолдож амиа алдсан. /Тэдгээрийн 12 нь том хүн, 6 нь хүүхэд байна/ Харин 17-ны өдөр Улаанбаатарт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас 1 хүн, 4 хүүхэд амиа алдаад байна. / Тэдгээрийн 3 нь нэг өрх бүлийн хүмүүс байна./ Хот хөдөөд нийтдээ 1830 айл үерт автаж, 110 өрх орон гэргүй болж, 100 гаруй айлын хашаа үерт урсаж, 10 цахилгааны дэд станц эвдэрч сүйдэн, 1000 гаруй өрх гэрэл цахилгаангүй болсон байна.
Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээлэв.