Үерт нэрвэгдсэн 1900 өрхөд тусламж олгов
Үерийн гамшигт өртсөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай аймгийн 1900 өрхөд Монголын улаан загалмайн нийгэмлэг, Улаанхавирган сар нийгэмлэг болон Нийслэлийн Улаан загалмайн хорооноос 350 гаруй сая төгрөгийн тусламж олгож байна.Тусламжийн түрүүчийг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 725 өрхөд олголоо. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийн спорт зааланд тус дүүргийн 403 өрхийн гишүүд цугласан байлаа. Тэдэнд Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс хүргүүлсэн хөнжил, гудас, том хүн болон хүүхдийн зузаан хүрэм, гутал, 15 кг гурил, ийм хэмжээний цагаан будаа, ургалмын хоёр тос, 25 литрийн багтаамжтай усны хоёр сав, гарын гурван саван, алчуур зэрэг нэг өрхөд 120 мянга гаруй төгрөгийн тусламж олгосон юм. Энэ ажиллагаанд оролцсон Нийслэлийн Иргэдийн хурлын дарга, Нийслэлийн Улаан загалмайн хорооны дарга Т.Билэгт "Та бүхэн цаг зуурын бэрхшээлийг давах сэтгэлийн хаттай, өөдрөг байгаарай. Нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаарай. Бид чадах хэрээрээ тусалж, дэмжиж байя" хэмээсэн юм. Өнгөрсөн сард улсын хэмжээнд 1975 өрх усанд автаж, 26 хүн үерийн усанд осолдож амиа алдсан харамсалтай явдал болсон. Энэ хүмүүст Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Нийслэлийн Улаан загалмайн хорооноос хүмүүнлэгийн тусламжийг үе шаттай үзүүлж буй бөгөөд энэ удаагийнх нь гурав дахь нь ажээ.