Улсын онцгой байдлын комисс ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсч, үүрэг өглөө
2009.07.27

Улсын онцгой байдлын комисс ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсч, үүрэг өглөө

Улсын онцгой комиссын хурал долдугаар сарын 24-нд болж, үерийн хохирлыг арилгахаар ажиллаж буй нийслэлийн ажлын хэсгийн болон Говь-Алтай аймагт ажиллаад ирсэн ажлын хэсгийн ахлагчдын мэдээллийг сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр :
1500 айл үерийн усанд авахуулж, 150 гэр урсан, олон байгууламж эвдэрч гэмтлээ. Хохирлыг арилгахаар 3000 хүн, 300 орчим техник ажиллаж байна. Эд материалын хохирлоос илүү хүн амын дунд өвчин тархах аюул байгаад анхаарч, 6000 хүнийг үзлэгт хамруулж, 9000 хүнд зөвлөгөө өгөөд байна. 3 дүүргийн 100 гаруй га газарт хог хаягдлыг арилган, ариутгал хийгээд байна. Үлдсэн 400 га талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлага бий. Нийслэлийн онцгой комисс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт мөнгөн тусламж, орон гэргүй болсон иргэдэд гэр олгох ажлыг зохион байгуулж, халуун хоол цайгаар үйлчилсэн. Эвдэрсэн гүүр, даланг засч, замын лаг шаврыг арилгах ажлыг хийхэд 173 сая төгрөг зарцуулаад байгаа. 380 сая төгрөгийн ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдээр зээлээр хийлгэж байна. Засгийн газраар хэлэлцүүлсэн төсвийг Сангийн яам хянаад 1.3 орчим тэрбум төгрөг болгоод байгаа. Зөвшөөрөлгүй бүсэд буй 2280 өрхийн 423 -ыг нь эхний ээлжинд нүүлгэнэ. Үүнд 42 тээврийн хэрэгсэл, 210 хүн ажиллаж наймдугаар сарын 1-ний дотор амуулахаар төлөвлөөд байна. Өнөөдөр 64 айл нүүлгээд байгаа. Ариутгалыг дүүргүүдийн нөөц сангаас гүйцэтгэж байгаа. Мөн шинэ суурьшлын бүсийн усан хангамж, цахилгаан, нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох зураглал, зардал тооцоог гаргаж байгаа. Улсын нөөцөд байвал нийслэлийн цэвэрлэх байгууламж, далан сувгийн хэвийн ажиллагааг хангах, цэвэрлэгээ үйлчилгээг хийхэд зориулан Улаанбаатар хотын Усны барилга байгууламжийн компанид зориулалтын техник хэрэгсэл авах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Засвар сэргээн босголтын шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Үүний дараа Шадар сайд хуралд оролцогчдод хандан "Зарим мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа муу байна. Газар дээр нь очиход ариутгалыг шаардлага хангахгүй байна, зогсоосон гэх мэтээр ярих юм. Мэргэжлийн байгууллагууд ямар байр суурьтай байна. Ариутгалын бодис хэр хангалттай байна. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн сэтгэл санаа ямархуу байна" гэхчлэн асуулаа.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг дараагийн бороог хүлээгээд зогсоосон. Уг нь энэ ажлыг 18-наас эхэлсэн. Ариутгалын нэг тонн бодис байгаа нь хүрэлцэхгүй. Эрүүл мэндийн яамнаас ариутгал хийх журам заавар гараагүй. Халдварт өвчнийг судлах үндэсний төвөөс зааварчлага гарах ёстой. Чанар стандартад анхаараарай гэснээс ариутгал халдваргүйжүүлэлтийг зогсоо гэж хэлээгүй. Эрүүл мэндийн яаманд ариутгал, халдваргүйжүүлэлтийн хангалттай бодис байгаа, тэрнээс авч хэрэглэх юм байна гэж ойлгосон гэх мэт хариултууд өгч байв.
Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Ламбаа манайх зааварчлага, зөвлөгөөгөө өрхийн эмнэлгээрээ дамжуулаад өгчихсөн. Бодисын хувьд Засгийн газрын хуралдаанд 700 орчим сая төгрөг ариутгал, халдваргүйжүүлэлтэд төсөвлөн тавьсан байсан. Түүнийг нь л задаргаа хийгээд ир гэсэн. Тэр мөнгөөрөө бодис авч хэрэглэх юм байна гэж ойлгосон гэлээ.
Ер нь энэ асуудлыг Халдварт өвчнийг судлах үндэсний төв зохицуулан заавар журам гаргаж, ариутгалын ажилд мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавих юм байна. Учир нь устай, усгүй хөрс, цементэлсэн хэсэг, айлын хашаа, жорлон, зам гээд найрлага, бодисын хувь хэмжээ өөр өөр стандартаар хийгддэг юм байна.
Эрүүл мэндийн сайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэхчлэн олон улсын 3 байгууллага 14.5 мянган долларын ариун цэврийн хэрэглээний зүйл үерт нэрвэгдсэн айлуудад хандивласан. НҮБ-ын хүн амын сангийнхан гэхэд Хан-Уул дүүргийн 100 өрхөд тусламжийн багц тараана гэж мэдээллээ.
Хурал дээр шинээр суурьшуулах бүсэд 35 дэд станц барихад 600 сая төгрөг, худаг усны асуудалд эхний ээлжинд 30 сая төгрөг, нүүлгэн шилжүүлэхэд 171 сая төгрөг хэрэгтэй байгааг нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан дурдлаа.
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир оролцож төсвийн зарцуулалтад хяналт тавихаа мэдэгдээд байгалийн гамшгийн болзошгүй аюулын үед хэрэглэх ямар техник хэрэгсэл хэрэгтэйг ярилцаад УИХ-д мэдээллээ өгвөл сайн байна хэмээн хэлэв.
Нөөцөд байгаа техник хэрэгслийн тухайд ярилцаж хүсэлтийг шийдвэрлэж болох юм. Үерийн хохирлыг арилгахад холбогдох яам, газар, байгууллага нөөц боломжоо сайн ашиглах хэрэгтэй. Засгийн газрын нөөц хөрөнгө мөнгө бага байгаа. Цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг чанартай сайн хийх хэрэгтэй. Мөн сэргээн засах ажлын чанарт сайн анхаараарай. Засгийн газар ч бас хөрөнгө мөнгөд хяналт тавих болно. Нүүлгэх ажлыг 8 дугаар сарын 1-нээс наана амжуулмаар байна. Үер байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын ерөнхий газар иргэдэд мэдээлэл, анхааруулга өгч байя. Үерийн инженерийн байгууламжийн өнөөгийн байдал, цаашид хийх зүйлийн талаар тооцоо судалгаа гаргамаар байна. Ингээд жил бүр 10-15 тэр бум төгрөг төсөвт суулгаад шинэчлээд явбал гайгүй болох байх. Байгууллагууд ажлын уялдаа холбоонд их анхаармаар байна гэж Шадар сайд хэлэлцсэн эхний асуудлыг дүгнэн ярилаа.
Хоёрдугаар асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр мэдээлэл хийв. Тэрээр Говь-Алтай аймагт ажилласан ажлын хэсгийг ахалсан юм.
Ажлын хэсгийнхэн амиа алдсан 18 хүний ар гэрийнхэнтэй уулзаж, Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламжийн сая сая төгрөгийг өглөө. Их өндөр уулсын дунд зусдаг юм байна. 6 метр өндөр хадан хясаанаас үерийн ус бууж замдаа байсан гэр, хүн, малыг авч одсон байна. 12 өрхийн 18 хүн , 1732 мал үерт үрэгдсэн байна. 133.7 сая төгрөгийн эд материалын хохирол учиржээ. Аймгийн онцгой комиссыг хуралдуулж, үхсэн малын зэм сэгийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх үүрэг даалгавар өглөө. Малаас гадна тарвага, зурамнаас өгсүүлээд олон амьтан үхэж үрэгдсэн байна. Ариутгал хийх бодис бага, тэнд ажиллах хүмүүс хамгаалах хувцас байхгүй гээд байдал хүндхэн юм. Бороо орох мэдээлэл авсан ч ган тайлагдах нь гээд тайван байцгаасан юм байна. 315 хүн, 27 машин ажилласан байна. 1085 малын сэг зэмийг устгаад байгаа гэж Амгаланбаяр ярив.
Энэ сум тахлын голомтод багтдаг. Тарвага олноороо үхсэн гэсэн. Эрүүл мэндийн газарт нь нэг 69 машин хувиарлаж, эм тариа ачиж өглөө гэж Эрүүл мэндийн сайд хэлэв.
Ажлын хэсэг үүргээ гүйцэтгэсэн байна гэж Улсын Онцгой комисс үзье гэж Шадар сайд М.Энхболд хэлснээр хурал дууслаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.