Гамшгийн сан 2000 малтай боллоо
2009.07.30

Гамшгийн сан 2000 малтай боллоо

Говь-Алтай аймгийн Улаан Загалмай Хороо, Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил-хамтын хөдөлмөр” аймгийн малчдын зөвлөлгөөний Алтай хотод зохион байгууллаа.

Зөвлөлгөөнөөр аймгийн засаг дарга Г.Бямбажав “мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил-хамтын хөдөлмөр”, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэгийн үржлийн газрын Мал үржлийн албаны дарга Л.Чой-Иш “Малчдын талаар төрөөс баримталж байгаа бодлого”, ХХААХҮЯ-ны тэргүүлэгч, Буяны ундрал хоршооны дарга Б.Авирмэд “ХАА-н Хоршоодын үйл ажиллагааны цаашдын чиглэл”, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж “Хүмүүнлэгийн жил ба малчид”, Аймгийн НДХ-ийн дарга Д.Батсайхан “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг явагдлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн дүнд зөвлөлгөөнд оролцсон малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хамтран төр засагтаа хүргэх сонордуулга, малчин олонд уламжлах уриалгыг боловсруулан гаргалаа. Зөвлөлгөөний үеэр малчид хүнд бэрх цаг үед хүмүүнлэгийн гараа сунгаж байсан улаан загалмайн байгууллагаа дэмжин ажиллахаа илэрхийлж, Говь-Алтай аймгийн бүх сумд МУЗН-ийн 70 жил, аймгийн УЗХ-ны 50 жилийг бэлгэдэн тус бүр 70 бог хандивлалаа.

Мөн Бугат сумын Нигүүлсэнгүй үйлст манлай малчин, аймгийн УЗХ-ны байнгын хандивлагч М.Довдон 10 бог, 100.0 төгрөг, “Сор манлай” компанийн захирал Д.Пүрэвдорж шилмэл үүлдрийн 20 бог, Дарви сумын малчин Н.Ганбат, Н.Дүйзэнсүрэн нар тус тус 10 бог, Хөхморьт сумын малчин Н.Дашням 30 бог, 3 адуу, Чандмань сумын малчин А.Эрдэнэбат 50 бог, Цогт сумын малчин С.Вандан 15 хонь, шарга сумын малчин Н.Дашхүү 25 бог мал төлийн хамт, малчин Баатар 20 богийг аймгийн УЗХ-ны гамшгийн санд хандивласан байна. Сэтгэлдээ хармын цоожгүй буяны үйлс бүтээж яваа сайхан сэтгэлт хандивлагчиддаа талархал илэрхийлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.