Малчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг бий болгоно
Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлагдсантай холбогдуулан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Балдан-Очир, Су,Батболд нар Төрийн мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Өнөөдрийг хүртэл малчин хүний цаг наргүй, нормчлогдоогүй зэрэг олон хүнд нөхцлийн талаар эмх цэгцтэй төрийн баримт бичиг гарч байгаагүй бөгөөд Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлагдан гарснаар малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх, ядуурлаас ангид байлгах, тэдэнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэгдсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх юм.
Энэ бодлого нь 2 үе шаттай хэрэгжиж эхний үе шат 2009-2015, хоёр дахь үе шат 2016-2020 он хүртэл хэрэгжих юм байна. Эхний үе шатанд уг бодлогыг хэрэгжүүлснээр малчдын орлогын түвшин 50 хувиар өсөхөөс гадна эрүүл мэндийн даатгалд малчдын 70-аас доошгүй хувийг, нийгмийн даатгалд малчдын 50-аас доогүй хувийг хамруулахаар заажээ. Харин хоёр дахь үе шатанд малчдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд 100 хувь, малчдын орлогын түвшинг 80 хувиар өсгөхөөр тус тус заасан байна.
Өнөөдөр 171 мянган малчин өрхийн 360 мянган малчин иргэн мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа статистик мэдээ бий.