МҮЭ-ийн холбооны Их хурал эхэллээ
2021.12.17

МҮЭ-ийн холбооны Их хурал эхэллээ

МҮЭ-ийн холбооны XXIII их хурал МҮЭСТО-нд 92.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлын эхэнд ОУХБ, Япон, Сингапур, ӨМӨЗО-ны ҮЭ-ийн холбоодоос эв санааны нэгдлээ илэрхийлж мэндчилгээ, илгээлт ирүүлснийг танилцуулсан юм.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар зочдоор оролцож нээлтэд үг хэллээ.

Сайд А.Ариунзаяа хэлэхдээ,

-Их хурлаа хийж байгаа ҮЭ-ийнхэнд Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийн өмнөөс мэндчилье. МҮЭ-ийн холбоо нь яамтай хамгийн сайн түншилдэг байгууллага. Шинэ залуусыг хөдөлмөрт угтдаг байгууллага үйлдвэрчний эвлэл юм. Түншлэгч талуудтай хамтран Хөдөлмөрийн тухай хуулийг амжилттай батлуулсан. Тус хуулийн шинэчилсэн найруулга 5 парламент, 3 УИХ дамжин байж батлагдсан. Үүнд МҮЭ-ийн холбооноос оруулсан хувь нэмэр их байсныг хэлэхэд таатай байна.

Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилт амьдрал дээр оролцоо сул байгааг илүү идэвхжүүлэх ёстой. Яамны хувьд халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд олон баримт бичигт өөрчлөлт оруулж байна. Салбарын шинэчлэлд ҮЭ-ийн оролцоо их байна гээд их хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Их хурал удирдах 9 тэргүүлэгч сонгосны дараа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа төлөөлөгчдөд тайлагналаа.

Хяналтын хороо тайлангаа тавьсны дараа асуулт хариулт, санал шүүмжлэл өрнөх аж.