Хөнгөн үйлдвэрт ажиллагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг сурталчлав
Хөнгөн үйлдвэрт ажиллагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг сурталчиллаа.
Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-үүдийн холбоо, Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээтэй хамтран ОУХБ, Европын холбооны дэмжлэгтэйгээр Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтан, ажил олгогчдод шинээр батлагдсан “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг сурталчлан таниулах, тус салбарт Зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх зорилготой хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Дархан-Уул, Орхон аймгуудад энэ сарын эхний өдрүүдэд ажиллалаа.
Уг томилолтын хугацаанд сургалтын баг Дархан-Уул аймгийн Шүтэн-Уул ХХК, Таймлесс ХХК, Дархан Нэхий ХХК, Дархан минж ХХК, Ромелта ХХК, Дархан Савхи ХХК, Босс Савхи ХХК, Орхон аймгийн Натурал текстайл грүпп болон охин компаниуд болох Эрдэнэт хивс, Эрдэнэт кашмер, Эрдэнэт текстайл ХХК-иудын удирдлагуудтай уулзаж шинээр батлагдсан хөдөлмөрийн тухай хууль болон боловсруулж буй Хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төслийг танилцуулан, хөнгөн үйлдвэрийн салбарт зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих талаар санал солилцон, ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, байгууллагуудын түвшинд хөдөлмөр удирдлагын харилцааг боловсронгуй болгох асуудлуудаар хамтран ажиллахаар тогтов.
Мөн эдгээр байгууллагуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөлтэй танилцаж, ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулан, ажлын байрны түргэвчилсэн сургалтуудыг зохион байгуулж, гарын авлага материалаар ханган ажиллалаа. Үүнээс гадна Дархан-Уул, Орхон аймгуудын ҮЭ-ийн холбоодын дэргэдэх Залуучуудын хороодтой хамтран тус аймгууд дахь үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд, ҮЭ-ийн залуу сонгуультнуудад Зохистой хөдөлмөр, Хөдөлмөрийн тухай хуулийн талаар ажлын байранд нь сургалт хийж, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хууль сурталчлах өдөрлөгийг тус аймгуудын зах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад зохион байгуулжээ.